"Цемент шохой" ТӨХК-иас цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг эхлүүлж 1 уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Энэ талаар Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирал Л.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Цементийн үнэ маш өндөр байна. Энэ юутай холбоотой вэ?
-Яг одоо сезоны үе эхэлчихсэн. Мөн тээвэрлэлтийн хувьд асуудалтай байгаа. Хил гаалийн гацалттай холбоотой. Мөн шуудай ч тасраад байна. Гэхдээ манайх шуудайгаа он дуустал хүрэлцэхүйц хэмжээгээр татаж авсан. Хөтөлийн цементийг том барилгын компаниуд хэрэглэдэггүй. Ихэвчлэн айл өрхүүд хэрэглэдэг.
-1 уут цемент 15000 төгрөгөөр худалдаалах аяныхаа талаар мэдээлэл өгвөл?
-Энэ аяныг өрнүүлэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас биднийг их дэмжиж байгаа. УБТЗ-тай ярилцаад хэрхэн туслах уу гэдгийг асуусан. Бид нар үйлдвэрлэлээ тогтвортой барина. Манай ТУЗ-ийн гишүүд маш шуурхай ажилладаг.
-Хөтөлийн цементийн чанар ямар вэ?
-Хөтөлийн цемент шохой үйлдвэр өөрөө дотроо лабораторитай. Чанарын хувьд одоогоор ямар нэг доголдолгүй. Өдөр бүр шалгалт хийгддэг.
-Цементийн үнэ буурах уу?
-Зах зээлээ дагаад буурахаас өөр аргагүй. Ченжүүдэд хандаж хэлэхэд та бүхэн цементээ хадгалаад нэмэргүй шүү. Үнийг нь буулгаад захуудаар зарахгүй бол ашиггүй. Дархан Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлд цемент 14.000 төгрөг. Нийслэлд 15.000-аас хэтрэхгүй байхаар зохицуулж байна.
-Танай байгууллагын 3 тээрэм ажилласнаар хэд орчим тонн цемент үйлдвэрлэх вэ?
-Сезоны улиралд хоногт 15-20 мянган тонн цемент хэрэглэдэг. Бид 1000-1500 тонн цемент Улаанбаатар руу оруулж ирэхэд 40-50 хувийг хангана.
-Нөөц ямар байгаа вэ?
-Бид одоогийн байдлаар 6000 тонн цемент агуулахад хадгалсан байна. Манай агуулахын хэмжээ өдөрт 1000 тонноор нэмэгдэж байгаа. Цементийн үйлдвэрийн ажилчид их туршлагатай байгаа учир нөөцийн хувьд асуудалгүй. Бидэнд одоо ганц тулгамдаж буй асуудал бол Ложистик буюу тээвэрлэлт. Энэ нь биднээс хамаарахгүй зүйл байгаа юм.