Хөгжлийн банкнаас гаргуулсан 50 сая ам.долларын баталгаагаа Голомт, Худалдаа хөгжлийн банканд барьцаалж авсан Ц.Ууганбаярт холбогдох хэрэг АТГ-ын мөрдөгчийн халаасанд илжрэх бололтой. Уг нь бол түүнийг оны эхээр баривчилж, 30 хоног цагдан хорьсон.
Гэвч цагаан захтнуудын супер шалтаг болох эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарч байцаагдаж буй. Үүнийг нь прокуророос мэдээлж, шүүхээс баталсан. Байцаах ч гэж. Түүнийг сардаа нэг удаа дуудсан болж, цаг бүртгэдэг гэдгийг эх сурвалж дурдав. Түүгээр тогтохгүй хэргийг он солигдохоос өмнө шүүхэд шилжүүлнэ.
Гэхдээ шүүхээс ямар нэг ял оноохгүй байх магадлал тун өндөр гэв.
Гайхмаар.
Ямартай ч экс Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь "Шинэ Яармаг" хорооллыг барьж байгуулах санхүүжилт БНХАУ-ын ЭКСИМ банкнаас орж ирнэ. Тэр болтол Монгол Улсыг баталгаа гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг Хөгжлийн банканд гаргасан байдаг.
Үүнийг нь ч Хөгжлийн банк хүлээж аваад 50 сая ам.доллар өгсөн. Гэхдээ Голомт, Худалдаа хөгжлийн банкны битүүмжилсэн дансанд. Гэтэл энэ мөнгийг Хөгжлийн банкны Т.Гантулга, ТОСК-ийн А.Гантулга нарын зөвшөөрлөөр Голомт, Худалдаа хөгжлийн банканд барьцаалаад зээл авчихсан байгаа юм.
Н.МӨНХБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ
ТОВЛОГДООГҮЙ БАЙНА
Уг хэргийн холбогдогчид болох А.Гантулгад шүүхээс таван жил авсан. Гэвч шүүхийн маргаан үргэлжилсээр эцэстээ хэргийг прокурорт буцааснаар хэрэг замхарсан. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг сэжигтнээр тогтоон шалгасан. Улмаар цагдан хорьж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир ялаас чөлөөлсөн. Гэвч Ц.Ууганбаярын хэрэг сөхөгдөхтэй зэрэгцэн түүнийг дахин шалгаж эхэлсэн. Ингээд хэрэг шүүх дээр явсаар өнгөрсөн зургадугаар сард Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан.
Дараагийн шүүх хурал өнөөдрийн байдлаар товлогдоогүй байна.
Энд нэг зүйл тодруулж хэлэхэд, Н.Мөнхбатад холбогдох эрүүгийг хэрэг бүхэлдээ Ц.Ууганбаярын 50 сая ам.доллартай хамааралтай бус. Өөр олон тэрбум төгрөгийн хохирол дагуулсан, олон холбогдогчидтой хэргүүд цаана нь бий. Тэдний нэг нь Ц.Ууганбаярт хамаарна.
Ц.УУГАНБАЯР ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО ГЭЖЭЭ
Шүүхээс тогтоогдсоноор Ц.Ууганбаярын “Нью Яармаг Хаусинг Прожект” компани нь Хөгжлийн банканд 61 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Гэвч Хөгжлийн банкны зүгээс 110 орчим тэрбум төгрөг буюу үндсэн зээл, хүү, алданги гэж шүүхэд анх нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүхээс Ц.Ууганбаярын “Нью Яармаг Хаусинг Прожект” компани 61 тэрбум төгрөгийг төл. Харин эл зээлийг дамжуулан олгосон ТОСК-ийг 24.6 тэрбумын хүү алданги төлөхөөр шийдсэн. Харин үлдсэн 20 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны хохь гээд хэрэгсэхгүй болгосон байдаг.
Хамгийн хачирхалтай нь хөшигний цаана ямар тохироо явагдсан болоод Ц.Ууганбаярыг 110 орчим тэрбум төгрөг бус ердөө 61 тэрбумыг төлөхийг Давж заалдах шатны шүүхээс даалгасан нь тун сонин.
Хэргийн материалыг ухаж үзвэл, уг хэргийг шийдсэн шүүгч нарын дунд Х.Баттулга Ерөнхийлөгчөөс шүүгчийн бүрэн эрхээ атгасан шүүгчдийн цөөнгүй нь байсан. Х.Баттулгыг үүнд яагаад хамаатуулсан бэ гэхээр Ц.Ууганбаяр нь түүний хамаарал бүхий буюу зөвлөхөөр нь багагүй хугацаанд ажилласан болохоор тэр. Тэр ч утгаараа АТГ-ын зүгээс Х.Баттулгын талаар үг унагахаар багагүй нухсан гэх юм билээ. Энэ нь ч амжилттай болсон. Учир нь Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа тэрбээр 61 тэрбум төгрөгийг төлөхгүй гэж Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг.
Яг үүнтэй зэрэгцээд АТГ-аас түүнийг баривчлаад бүр 30 хоног цагдан хорьсон.
Энэ үед Ц.Ууганбаяр гарын хүмүүстээ нэг даалгавар өгсөн нь Дээд шүүхээс гомдлоо татах. Туслахууд нь эл хүсэлтийг нь биелүүлэх нь дамжиггүй.
ДЭЭД ШҮҮХЭЭС ГОМДЛОО ТАТСАН НЬ ХЭРГЭЭ ӨӨРТ АШИГТАЙГААР ШИЙДҮҮЛЭХ ГЭСЭН ЗАЛЬ
Баривчилгааны дараа Дээд шүүхээс гомдлоо татсанаас түүнийг ямар нэг дарамт шахалтад орсон уу гэж хардахаар. Гэвч нарийн учир нь ийм юм байна. Энэ нь Ц.Ууганбаяр Дээд шүүхэд 61 тэрбум төгрөгийг төлөхгүй гээд гомдол гаргавал хэргийг прокурорт буцаах эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ. Хэрвээ прокурорт буцаавал тэрбээр 61 биш харин 110 тэрбум төгрөгийн өрийн дарамт дээр унах магадлал өндөр. Тиймдээ ч Дээд шүүхээс гомдлоо татсан юм байна.
Нөгөөтэйгүүр, АТГ-ын баривчилгаа тухайн үедээ дуулиан тарьсан.
Дагаад Х.Баттулгыг онилсон акцууд өрнөж эхэлсэн нь хэрэг буруугаар эргэхийн цондон болж таарсан. Тиймдээ ч Ц.Ууганбаяр 61 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөх санал тавьсан юм байна.
Энэ тохиолдолд түүнийг хохирлоо бүрэн барагдуулсан, цаашлаад анх удаа хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөлөөр ялгүй үлдэх магадлалтай юм байна. Энэ бол сэтгүүлч миний үг бус харин эх сурвалжийн үг.
Яг одоо мөрдлөгийн явцад яг ийм процесс өрнөж байгаа юм байна.
Ташрамд дурдахад, л Ц.Ууганбаяр “Нью Яармаг Хаусинг Прожект” компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын зээл гаргуулах үедээ "Шинэ Яармаг" хорооллыг 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг.
Гэвч Дээд шүүхээс 21 үл хөдлөхийг барьцаанаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Уг шийдвэрийг дээр хэлсэнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас шүүгчийн бүрэн эрхээ атгасан шүүгч нар гаргасан юм.