Зуны зугаатай, хөгжилтэй, адал явдлыг мэдрэхэд саад болдог том асуудал бол яах аргагүй ургамал болон арьсны харшил билээ. Тэгвэл бид ургамлийн харшил, арьсны хүнд хэлбэрийн өвчлөл гэж яг юу болох талаар, хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчилгээний талаар "Арьсны өвчин судлалын үндэсний төв"-ийн Захирал Ц.Уранчимэгээс тодрууллаа.
-Харшил гэж яг юу вэ?
-Харшил гэдэг нь гадны цоцроогч хүчин зүйлийн нөлөөнд дархлаа хариу үйлдэл үзүүлж байгааг хэлнэ. Мөн ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ. Дэлхий дахинд харшилтай хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид мэдээлсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.
Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24-30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон.
Дотоод: Эцэг эх нь хоёулаа харшлын өгүүлэмжтэй бол тухайн хүн харшилд өртөх магадлал 70 Хувь байдаг. Харин эцэг эхийн аль нэг нь харшилтай бол тухайн хүний харшилд өртөх байдал 50 хувь байна.
Гадаад: Агаарын болон хөрсний бохирдол ахуйн бодис, антибиотикийн зохисгүй хэрэглээ, хогийн ургамал, тоосонцороос шалтгаалж харшилтай болох боломжтой гэдгийг "Арьсны өвчин судлалын үндэсний төв"өөс мэдээллээ.
-Харшил үүсгэдэг хүчин зүйл юу вэ?
-Харшил үүсгэдэг хүчин зүйл нь агаарын бохирдол, хуурайшил, чийгшил, хоол хүнс, ахуйн хэрэглээний бодис, маш олон зүйл нөлөөлсөн тохиолдолд тухайн хүн харшилтай болдог. Шарилжны харшил ихэвчлэн долоодугаар сарын дунд үеэс эхэлдэг. Сүүлийн жилүүдэд Арьсны өвчлөлийн үндэсний төвд шарилжны харшлыг бууруулахын тулд олон арга хэмжээ авч байгаа. Нийслэл, төр захиргааны байгууллагуудтай хамтраад шарилж буюу хогийн ургамлуудыг ургуулахгүй байх, ногоон байгууламж дээр нь анхаарах тал дээр ажилласан. Сүүлийн 2, 3 жил Нийслэлийн 9 дүүрэгтэй хамтраад хогийн ургамлийг түүх ажлийг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд хогийн ургамлийн тоо хэмжээ буурсан гэж үзэж байгаа.
-Иргэн ургамлын харшилтай болсноо хэрхэн мэдэх вэ?
-Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
-Ургамлын харшлаас гадна иргэдийн дунд арьсны харшлаар өвчлөгсдийн тоо их байгаа. Ямар төрлийн арьсны өвчлөл их байна вэ?
-Арьс өвчний судлалын төв дээр бол бэртлийн шалтгаантай арьсны өвчлөл, арьсны архаг өвчнүүд, удамшлийн арьсны өвчлөлүүд гэх мэтчилэн маш олон төрлийн өвчтөнгүүд ханддаг. Арьс судлалын үндэсний төвөөр яаралтай тусламжаар ирж буй хүмүүсийн дийлэнх нь чонон хөрвөс байна. Чонон хөрвөсөөр өвчлөх дийлэнх шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүн, хэрэглэж буй ахуйн хэрэглээний бодис мөн эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой.
-Чонон хөрвөс туссан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Чоно хөрвөсийн үед арьснаас ягаан өнгөтэй загатнаа бүхий бэлцрүүт тууралт үүсдэг. Тууралтууд нь арьсан дээр биеийн аль ч хэсэгт гэнэт гарч, үрэвсэл, уруул, хэл, тагнайг хамран гарч болно. Эдгээр дахилтууд нь 6-8 долоо хоногийн дотор үргэлжилбэл хурц, түүнээс удаан үргэлжилвэл архаг чонон хөрвөс гэнэ. Толгой өвдөх нойрмоглох, дотор муухайрах, гүйлгэх, үе мөчөөр өвдөх, хоолой сөөх, бачуурах, амьсгал давхцаж богиносох нь Квинкийн хурц хавангийн үед илэрдэг ерөнхий шинжүүд гэж үздэг. Энэ үед яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.
-Арьсны өвчлөлтэй болоход нөлөөлдөг хүчин зүйлүүд юу вэ?
-Арьсны өвчлөлийн гол хүчин зүйл бол стресс, нойргүйдэл, буруу хооллолттой холбоотой. Cүүлийн жилүүдэд эмийн хэрэглээ замбараагүй болсон. Өөрсдөө дур мэдэн эмийн сангаас жоргүй олгодог эмнүүд болох Антибиотик, өвчин намдаах эмийг хэрэглэсний үр дүнд иргэд өөрсдийгөө өвчлүүлэхэд нөлөөлж байна. Үүнд, өвчин намдаах төрлийн эмнүүд, мэдээ алдуулагч гэх мэт тодорхой эмнүүдийг жоргүй хэрэглэвэл тухайн хүнд харшлын шинж тэмдэг илэрдэг. Өмнө нь ямар нэг байдлаар эмийн харшил хэрэглэж байсан тохиолдолд тухайн эмийг давтан хэрэглэх юм бол дараагийн харшил илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг.
-Одоогийн байлаар Арьс өвчлөлийн үндэсний төвд ямар эмчилгээ түлхүү хийгдэж байга вэ?
-Яг одоогийн байдлаар Арьсны өвчлөлийн төвд шарилжны харшилтай хүмүүст утуулах эмчилгээ хийдэг. Одоогоор хамгийн үр дүнтэй нь утуулах эмчилгээ байна. Энэ эмчилгээг дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж 45 хоног үргэлжилдэг эмчилгээ юм. Энэ нь Монголд ургасан шарилжны уусмалыг концентрацыг нь сулруулаад багаас нь их рүү болгож бэлтгэсэн уусмал байдаг. Бас уух хэлбэрээр үйлдвэрлэдэг эмчилгээ бий.
Харшлын сорил болон эмчилгээ хийлгэх бол "Арьсны өвчин судлалын үндэсний төв"-ийн 70135036 гэсэн утас руу холбогдох боломжтой.