Монгол Улсад сонгуулийн аль тогтолцоог ашиглах вэ гэдэгт Үндсэн хуулийн цэцээс хайнаа хагаллаа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн талаарх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцсэн юм.
Уг хуралдаанаар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар УИХ-ын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзсэн байна.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар дүгнэлт болон 2012 оны хоёрдугаар дүгнэлт, гуравдугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн болохоо тэмдэглэжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сонгуулийн тогтолцоо пропорциональ систем ашиглах боломжийг ийнхүү Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр бүрдүүлж өглөө.