Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаатай улс орон даяар эхлүүлээд байна.
Жилд 300 - 600 хүн зам тээврийн ослын улмаас амь эрсддэг. 10 жилийн хугацаанд 42989 хүн хүнд болон бүхий л эрсдлээр хохирсон бол 4589 хүн харамсалтайгаар амь насаа алдсан гэсэн тоо мэдээлэл байгаа юм. Тиймээс зам тээврийн осол, хэргийн улмаас иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор ТЦА-аас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг зохион байгуулж байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдсан байна. Иймд аялал жуулчлалын улирал эхэлж орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл хотоос дамжин өнгөрөх замуудад зөөврийн хурд хэмжигч ашиглан хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Tиймээс та бүхэн холын замд явахдаа хурдаа тохируулан явж хайртай гэр бүлээ хамгаалаарай.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс