Хорио цээрийн дэглэмийн үед 1,1 тэрбум төгрөгийг онгоцны шатахуунд зарцуулсан гэх шүүмжлэлд өртсөн "МИАТ" компани "Зуун ямаанд 60 ухна" гэдэгтэй адил олон даргатай. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нь дөрвийн дөрвөн дэд орлогчтой. Дагаад газар, хэлтсийн дарга араас нь хөвөрнө.
Тэгвэл "МИАТ" компани Хэмнэлтийн хуулийн дагуу дөрвөн дэд захирлаа чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Гэвч шалгаад үзэхэд харин ч газар, хэлтсийн дарга зэргээр албан тушаалын нэршлийг нь өөрчилж, дүрийг нь өөрчилсөн байх магадлалтай байна.
Ингээд дэд захирлуудыг танилцуулъя.
1. Н.Ганболд нь 2016 оны 12 дугаар сараас Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал,
2. Я.Өлзийболд 2020 оны гуравдугаар сараас Коммер эрхэлсэн дэд захирал,
3. Н.Одмөнх нь 2020 оны тавдугаар сараас Санхүү эрхэлсэн дэд захирал,
4. н.Мөнгөн нь 2021 оны есдүгээр сараас Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Тэгвэл эдгээр дөрвөн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдыг чөлөөлж, оронд нь н.Гантулгыг томилсон байна. Дэд захирлын нэршлийг нь өөрчилж, Нислэгийн удирдлагын ерөнхий менежер, ерөнхий нисгэгч гэсэн хоёр орон тоог хавсарч ажиллах тушаал гаргасан байна.
Харин Коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболдыг чөлөөлж, оронд нь Бизнес төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Батдарийг томилсон байна. Гэхдээ албан тушаалын нэршил нь бас л өөрчлөгдсөн гэдгийг хэвлэлийн албанаас нь тодотгосон.
Мөн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал н.Мөнгөнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэхдээ хүний нөөцийн албаны дарга болгож албан тушаалын нэршлийг өөрчилжээ.
Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Н.Одмөнхийг чөлөөлж, оронд нь н.Цэгц гэж хүнийг томилсон юм байна. Гэхдээ албан тушаал нь мөн л дэд захирал бус санхүү хариуцсан алба гэдэг утгаараа яваа аж.
Дээрх мэдээллээс гадна хэмнэлтийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дэд захирлуудын цалинг 40 хувиар бууруулах шийдвэрийг МИАТ-ийн ТУЗ-аас гаргаад байж. Үүний дараа хэмнэлтийн хууль батлагдаж, дээр хэлсэнлчлэн орон тооны бүтцэд өөрчлөлт орсон аж.
Ташрамд дурдахад, "МИАТ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нь 2021 оны аравдугаар сараас ТУЗ-ийн тогтоолын дагуу Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Үүнээс өмнө Захиргаа удирдлага хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.
Түүнийг ийнхүү албан тушаалын огцом өсөлтөд НАМЗХ багагүй нөлөө үзүүлсэн гэдэг. Энэ нь ч оргүй биш яриа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд НАМЗХ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Г.Нацаг-Эрдэнэ