Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглосон. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилт Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын тамгын газарт хэрхэн хэрэгжиж байгааг хүргэж байна.
"Сонгинохайрхан дүүрэг"
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга "Хэмнэлтийн тухай хууль" хэрэгжиж эхлэхээс өмнө Э.Ууганцэцэг, Т.Вандандорж, Б.Мягмарсүрэн гэх гурван орлогч даргатай байсан. Харин Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш эдгээр гурван орлогч дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Улмаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай орлогчоороо зөвлөх Д.Ундармаагаа томилсон байна.
"Чингэлтэй дүүрэг"
Чингэлтэй дүүргийн Засаг даргын хувьд Инновац, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа гэх гурван орлогчтой байсан. Хэмнэлтийн хуулиар Х.Алтаншагай, Ч.Болормаа нар орлогч даргын ажлаасаа чөлөөлөгджээ. Харин Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
"Баянзүрх дүүрэг"
Баянзүрх дүүргийн Засаг дарга Хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гурван орлогчтой байсан. Харин хуулийн хэрэгжилтийн хүрээнд хоёр орлогчийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Б.Батбаяр, Ц.Алтанзагас нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн бол Г.Жаргалсайхан орлогч даргаар хэвээр үлдээжээ.
"Хан-Уул дүүрэг"
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогчийн гурван орон тоо байсан. Төрийн хэмнэлтээр орлогч А.Амартүвшин, С.Сайнбаяр нар чөлөөлөгдсөн байна. Харин орлогч Б.Цэрэнгийн хувьд үүрэгт ажилдаа хэвээр үлджээ.
"Налайх дүүрэг"
Тус дүүргийн Засаг дарга нь Н.Мандуул, С.Тунгалаг гэх хоёр орлогч даргатай байсан. Харин Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтээр Налайх дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул чөлөөлөгдсөн бол С.Тунгалагийн хувьд орлогч даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
"Сүхбаатар дүүрэг"
Сүхбаатар дүүргийн Засаг даргын хувьд мөн хоёр орлогч даргатай байсан. Тодруулбал, М.Алтангэрэл, Ц.Шижир нар билээ. Ц.Шижир чөлөөлөгдөж, М.Алтангэрэл нь Засаг даргын орлогчоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
"Баянгол дүүрэг"
Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн сарын 31-ний өдөр хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурван орлогч даргыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажлаас чөлөөлжээ. Тодруулбал, тус дүүргийн Засаг даргын орлогч даргын алба хашиж байсан Г.Нарангэрэл, Д.Мөнхбаатар, Д.Жаргалсүрэн нарыг чөлөөлсөн байна.
Одоогоор Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийг томилоогүй байна.
"Багануур дүүрэг"
Багануур дүүрэг нь Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө НЭГ Засаг даргын орлогчтой байжээ. Иймд тус дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням албан үүргээ одоо хүртэл үргэлжлүүлж байгаа аж.
"Багахангай дүүрэг"
Багахангай дүүргийн хувьд Засаг даргын хоёр орлогч байдаг. Тус дүүргийн орлогч нар нь ээлжийн амралттай байгаа учир одоогоор Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхлээгүй гэдгийг Багахангай дүүргийн хэвлэлээс хэллээ. Мөн орлогч нарын ээлжийн амралт дуусахад хуулийг хэрэгжүүлж чөлөөлөх ажлыг хийнэ гэв.
Дээрх баримтаас харахад одоогийн байдлаар 7 дүүргийн 14 орлогч дарга Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд ажлаасаа чөлөөлөгджээ.