Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугуй цагаанд ЭКО ЗАДГАЙ ТЕАТР байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж, тохижуулахаар төлөвлөсөн билээ.

Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлын талаар “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд танилцууллаа. Тус хөдөлгөөний гишүүн, архитектор Ү.Идэрхангай “2019 оноос Улаанбаатар хотын орон зайг бүтээлчээр сайжруулах зарчимд тулгуурлан залуучууд өөрсдийн санаачилгаар нөлөөллийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Цар тахлын үед хоёр жил завсарлан, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн хөдөлгөөний талаар нийслэлд танилцуулахад Дугуй цагаан орчмын тохижилтын ажилд хамтарч ажиллах санал тавьсан юм. Бид долоо хоногийн турш олон нийтээс судалгаа авсан. Судалгааны үр дүнд суурилж, өмнө нь гарсан байсан зураг төслийг нэмж сайжруулсан.

Дархан цаазат газрын угтах хэсгийн байгууламжид харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, мөн гудамжны хоолоор үйлчлүүлэх боломжтой талбайг төлөвлөсөн. Хуулиар Дархан цаазат газарт барилга байгууламж, ариун цэврийн өрөө барих боломжгүй учир үүдний хэсэгт эдгээр байгууламжийг төлөвлөлөө. Мөн усны урсгалын голдирлыг хадгалсан гүүрэн байгууламж, хоёр тоглоомын талбай байгуулна.

Эдгээр тоглоомын талбайг байгалийн модон хийцтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тухлах саравч, амрах талбай зэргийг мөн байгуулна. Түүнчлэн уулын замд таван амралтын өртөө байгаа. Дугуй цагаанд залуучуудад зориулсан цэвэр модоор хийсэн, эко задгай театр төлөвлөсөн. Ингэхдээ экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, дан байгалийн модоор хийнэ” гэсэн юм.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарч нас баржээ
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарч нас баржээ
 
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.