“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний сонгон шалгаруулалтад тэнцсэн 23 аж ахуйн нэгж, 14 төрийн бус байгууллагад Аж ахуй эрхлэлтийн сургалт орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгайлсан ажлын байраар ханган ажиллах санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулав.
Сургалтыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир нээж, төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг танилцууллаа.
Мөн “Хөгжихүйн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв” НҮТББ-ын тэргүүн мэргэшсэн нягтлан бодогч Б.Пүрэвсүрэн санхүүгийн анхан шатны баримт бэлтгэх арга зүй, санхүүгийн тайлан бэлтгэх илгээх, тайлагнах, Е баримт бүрдүүлэх сэдвээр мэдээлэл өгсөн юм.