Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханы төрийн бүх албан хаагчид ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 53 секунд

Байнгын хорооны хурал дээр булхай, завхралтай шийдэл, хэрүүл шуугианаас эхлээд янз бүрийн балай юмнууд болж л байдаг. Гэхдээ арай ч төрийн албан хаагчдынхаа гэдэс, гүзээг хасах. Хоол ундыг нь зааж өгөхөд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулъя гэдэг зүйл яригдаж байсангүй. Турах бараг бүх нийтийн хувийн асуудал болсон ч, төр үүнд нь бидний мөнгийг үрэн таран хийж оролцоно гэж зүүдэлсэнгүй.

Хоёр хоногийн өмнө болсон Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хэлсэн үг олон нийтийг цочирдуулав. Тэрбээр, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж “Би танд бичиг явуулаад одоо ямар ч хариу алга. Завхан аймгийн БҮХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД илүүдэл жингээсээ салъя. Наадам хүртэл гурван сарын хугацаанд шим тэжээл судлаачдыг аваачаад зөв зохистой хооллолтыг заалгаад, илүүдэл жингээсээ салаад яаж эрүүлждэгийн ард иргэддээ харуулж үлгэр дуурайлал болоод явъя гэсэн. Өнөөдөр энд зарцуулах нэг төгрөг нь ирээдүйд хавдраар өвчлөхөд зарцуулахаас хамаагүй илүү үр дүнтэй ажил байхад ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХАВДАРТ ЗОРИУЛЧИХСАН МӨНГӨНӨӨСӨӨ 70, 80-хан сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй л байгаа байхгүй юу” гэсэн юм.

Б.Баярсайхан гишүүний хэлснээр бол хэд хэдэн сонирхолтой дүгнэлтүүд гарч ирэхээр байна.

Нэг, Завхан аймгийн төрийн бүх албан хаагчид илүүдэл жинтэй гэнэ

Түүний хэлж буйгаар Завхан аймгийн хэмжээнд байгаа олон арван мянган төрийн албан хаагчид бүгдээрээ илүүдэл жинтэй, тарган хүмүүс байгаа аж. Арга ядсандаа л гишүүн нь тэдний хоол ундыг нь тааруулж өгөхөөр татвар төлөгчдийн хураалгасан төсвийн мөнгө рүү өнгийж байх вэ дээ. Дасгал хөдөлгөөн хийх, жингээ барих дээрээ анхаарч чадахгүй хүмүүс яаж ч иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх билээ. Тийм байхад сонгогдсон гишүүн нь өмнөөс нь бухимдахаас ч өөр яахав.

Хоёр, Завханы төрийн албанд ажилладаг бүх хүмүүс хоол ундаа тохируулах чадамжгүй

Завханы төрийн албан хаагчид бүгдээрээ яаж зөв хооллохоо мэддэггүй. Аргаа барахдаа л төр зөв хооллолтын багшийг мөнгө төлж хөлслөөд юу идэж болох, юу идэж болохгүйг нь зааж өгөх дээрээ тулж байхав. Зөв хооллолтын дасгалжуулагч гэдэг шинэ ажлын байр сүүлийн үед их мода болж байгаа. Тэгвэл Завханчууд бусад аймгуудаас өрсөж энэ төрлийн дасгалжуулагчтай болох бололтой.

Гурав, Төсвийн мөнгийг хавдартай иргэдэд зарцуулах уу, жингээ хянаж чадахгүй байгаа Завханы төрийн албан хаагчдад зарцуулах уу

Хавдараар зовж шаналж байгаа иргэдэд зарцуулж буй мөнгөнөөс багагүй хэсгийг нь аваад Завханы төрийн албан хаагчдыг тураах ажилд зарцуулах ёстой гэнэ. Тиймээс төсөв батлахдаа дээрх хүнд хэцүү сонголтоос УИХ-ын гишүүд нэгийг нь хийнэ. Уг нь эрүүл саруул ухааанаар асуудалд хандвал хавдартай иргэддээ аль болох илүүчлэх байх. Гэдэс, гүзээгээ хасаад хоол ундаа тохируулах чинь хувь хүний л асуудал байлтай. Яаж ч бодсон УИХ-ын гишүүн хүн хавдартай иргэдийн ганц эм авах мөнгийг нь төр булааж аваад нэг аймгийн төрийн албан хаагчдыг бүхэлд нь тураана гэж яриад сууж байгаа нь гутамшиг. Орчин цагийн соёлт нийгэмд захын хүн интернэт орчноос эрүүл зөв хооллолтын талаарх бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй авчих боломжтой. Эрүүл саруул амьдрахыг хүсэж буй хүн өөрөө эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ салах ёстой. Харамсалтай нь Завханы төрийн албан хаагчид ийм энгийг зүйлийг ч хийж чадахааргүй болжээ.

Ингээд болоогүй. Хамгийн аймшигтай нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариулт байлаа. Тэрбээр, “Дараагийн ээлжинд бид Завхан аймгийн ажлыг төсөл хөтөлбөрөөр ОРУУЛЖ ИРЭХ БОЛОМЖТОЙ. Түүнээс биш шууд Эрүүл мэндийн яамнаас гаргах бэлэн төсөв байхгүй” гэж хариулав.

Хэрвээ бэлэн төсөв байсан бол С.Энхболд сайд Б.Баярсайхан гишүүнд загнуулахаасаа айгаад төсвийг нь гаргаж өгөөд Завханы төрийн албан хаагчдыг тураах нь байна. Харин азаар Эрүүл мэндийн яаманд тийм мөнгө байгаагүй бололтой. Гэвч тэр дараагийн удаа Завханы төрийн албан хаагчдын илүүдэл жинг арилгах ажлыг төсөл хөтөлбөр болгоод оруулаад ирэх аюултай нөхцөл байдал үүсч байна. Сайд нь боломжтой гэж байхад хийхгүй гэх газаргүй.

Ер нь энэ бүх балайрлын эцэст тойргын сонгогчиддоо таалагдахын тулд юу ч хамаагүй бурдаг гажиг сонгуулийн тогтолцоог өөрчлөх. Хариуцсан ажлаа хийж чаддаг сайд дарга нарыг олж томилох хэрэгтэй гэдгийг ойлгож авцгаая.

Л.Баяр

Б.Батбаяр: Хэмнэлтийн хуулийн дагуу Засаг даргын орлогчийн ажлаасаа ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ
Б.Батбаяр: Хэмнэлтийн хуулийн дагуу Засаг даргын орлогчийн ажлаасаа ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ
 
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.