Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмж, тус дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр боллоо.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Прокурорын тухай хуульд оруулах бусад өөрчлөлттэй хамт нэг мөр цогцоор шийдвэрлэх үүднээс буцаан татахаар тогтлоо.
- “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 1,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
- Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвецид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад баримтлах журмыг баталлаа.