Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад залж буй үйл явдлын талаар мэдээлэл хийлээ.
Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Энэ сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхцдаг. Тиймээс энэ өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Ганцхан Монгол биш бурхны шашинтай бүх орон энэ өдрийг тэмдэглэж байна. Бурхан багшийн Их Дүйчин өдөрт зориулж хоёр сарын өмнөөс арга хэмжээ зохион байгуулж ирсэн.
Энэтхэг улсаас Бурхан багшийн ариун чандрыг залж ирж буй. Бурхан багшийг таалал төгссөний дараа чандрыг нь найм хувааж улс орнуудад тараасан. Дөрвөн ринсрэл Монгол оронд заларч байгаа нь буянтай үйл болж байна" гэлээ.
Мөн "Энэхүү ариун чандар заларсан газар болгонд амгалан жаргалан үүсэж, сайхан болдог гэдэгт итгэдэг. Энэтхэг улстай 2000 жилийн өмнөөс найрсаг харилцаатай байсан. Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана. Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой. Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм.
Төгс гэгээрсэн бурхны лагшинд мөргөх боломж гарч байна. 1995 онд Бурхан багшийн чандар манай улс заларч байсан. Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм" хэмээв.