Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр хэлэлцлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна" гэж шүүхээс мэдээллээ.
Хэргийг нэхэн сануулахад, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн 2021 оноос хойш удаа дараа хойшилсон байдаг.
Уг хэрэгт шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарыг Нийслэлийн прокурорын газраас
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.