Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой холбоотой олон асуудал яригддаг. Тэдний нэг нь ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой хэрэг. Түүний хувьд экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай дөрөө харшуулж, хундага тулгаж явсан эртний андууд.
Гэвч улстөрөөс болж хоёр тийшээ болсон гэх.
Ямартай ч, Х.Баттулгын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй гэдэг яриа бий. Үүнийг ч батлах мэт хэдхэн хоногийн өмнө АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Дагаад Үндсэн хуулийн цэцийн танхимаас хэд хэдэн хүн АТГ-ын босго давсны нэг нь Ц.Нанзаддорж бол, нөгөөх нь Цэцийн гишүүн асан Д.Сугар.
Д.Сугарын хувьд цагтаа “сугардаггүй” Сугар гэх хочтой байв.
Төрийн аль өнгөтэй өөдтэй байгууллагын даргын суудалд тухлаж явсан тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд домог болтлоо удсан. Хуулийн байгууллагаас удаа дараа шалгах гээд амжаагүй. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг том эрхээс нь болоод тэр. Тэгвэл дээр хэлсэнчлэн “сахал” Д.Эрдэнэбилэгт холбогдох хэрэгт Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг шалгаж, улмаар Д.Сугарыг яллагдагчаар татсан юм.
Тэдний дунд нарийн нандин холбоо сүлбээ байдаг гэж хэвлэлээр яригддаг.
Энэ нь Д.Сугар нь Үндсэн хуулийн Цэцийн суудлаас мултарсныхаа дараа Төрийн өмчийн хорооны даргын суудалд заларсан. Ингээд ажлаа авмагцаа тухайн үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан дээрх Ц.Нанзаддоржтой хамтарч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх бүх шийдвэрийг гаргаж, гэрээг нь үзэглэсэн гэх.
Тэд АТГ-ын босго давах хэргээ ийн зурсан.
Тиймээс дүрмийн дагуу Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан шалгасан. Даанч Ц.Нанзаддоржийг яллагдагчаар татаж чадаагүй. Учир нь эрх мэдэл, албан тушаалаа "ашиглаж", Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд нөлөөлж байна гэж хэвлэлээр бичигдэж эхлэв.
Яг таг баримт байхгүй ч, олны үг оргүй гэдэг.
Шалгаад үзэхэд гэмгүй. Хэрэв зээ, тэрбээр Цэцийн гишүүдэд нөлөөлж, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан бол Цэцийн гишүүний суудлаа алдах юу ч биш гэдэг нь тодорхой. Үүнийг нь ч АТГшалгана гэж найдая.