Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, тус сумын Буургачин багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 26-ны өдрийн 14:14 цагт онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Ерөө сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
Тавдугаар сарын 27-ны өдрийн 21:00 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид автомашинтай хөдөлсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ