Дэлхийн санхүүгийн шинжээчдийн зүгээс койн бол шинэ технологийн ололт, дэвшлийг дагаж гарч ирсэн хөөсрөл. Койныг үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн, санхүүгийн систем нь тогтворгүй, улстөрийн болон дотоодын тэмцэл ихтэй, дайн өрнөсөн, далд эдийн засагтай улс орнууд ихэвчлэн хэрэглэж байна гэжээ. Манай улсын хувьд дээрх шинж тэмдгийн олонх нь бодитоор нүүрлээд буй.
Тиймдээ ч койн гаргаж, ашиг олох сонирхолтой зарим нь энэхүү боломжийг алдалгүй атгасан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Монголд одоогоор “Coinhub”, “Complex”, “DAX”, “Trade” гэсэн дөрвөн криптобирж үйл ажиллагаа явуулж байгаа бол нийт 10 гаруй койн зах зээлд бойжин гарч, арилжаанд амжилттай оролцсон юм.
Үүнд,
1. Долларын саятан гэгддэг О.Мөнхжингийн “IHCoin”,
2. “Хас”-ын гэдгээр олны танил болсон Ч.Ганхуягийн “Ард койн”,
3. УИХ-ын гишүүн, “СодМонгол”-ын Ц.Анандбазарын гэх “Өргөө койн",
4. "Секлаб" ХХК-ийн захирал Д.Заяабаатарын “Зэс койн”,
5. “Интелмайнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баттулгын гэх “CHB койн”
6. “Store Pay” ХХК-ийн “SPC”
7. Digital exchange Mongolia буюу Trade.mn биржээс гаргасан “TRD”
8. “Монгол Дифай” ХХК-ийн “MONT”
9. "ДОТ Консалтинг" компанийн “URG койн”
10. “Алтан Дорнод Монгол” ХХК буюу Т.Ганболдын “ADM” зэрэг койн зах зээлд амжилттай арилжаалагдсан.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэнээр олон улсад 13000-14000 койн гарсан. Тэдгээрээс 95 хүртэлх хувь нь амжилтгүй болсон бол үлдсэн таван хувь нь “амьд” үлдсэн гэх.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар дээрх криптобиржүүд ирэх сарын 1-нээс 23-ны хооронд Санхүүгийн зохицуулах хороонд заавал бүртгүүлэх ёстой юм байна.
Харин койн гаргасан компаниудын хувьд цаашдаа криптобиржтэйгээ хамтарч ажиллах бөгөөд койны баталгааг бирж болон компани давхар хариуцахаар хуульд зохицуулсан байна.
Тэгвэл энэ оны байдлаар арилжаанд ороогүй хүлээгдэж байгаа 20 гаруй койн байгаа аж. Тэдгээр нь криптобиржийн шаардлагыг хангаж байвал анхдагч зах зээлд нийлүүлэгдэх боломжтой болох аж. Хэрвээ тухайн койн нь залилан луйвар хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар зүйлчилж, яллана гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Гэхдээ энэ хуулийн заалт нь хууль батлагдсанаас хойш зах зээлд нийлүүлэгдсэн койнуудад хамааралтай юу, эсвэл өнгөрсөн хугацаанд гарсан бүх койнд хамааралтай юу гэдэг тодорхой бус.
Тэгвэл тагнуул, Эрүүгийн цагдаа, Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдагч зах зээлд арилжаалагдсан койнуудаас нэр бүхий гурван койныг шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Уг асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо болон ЦЕГ-аас тодруулахад "Тийм зүйл байхгүй" гэж хариулсан юм.
Харин тагнуулын байгууллагаас тоймтой мэдээлэл авч чадсангүй.
Юутай ч дээрх мэдээллийг албаны эх сурвалжууд нууцлах нь дамжиггүй. Учир нь, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа "Coinhub”, “Complex”, “DAX”, “Trade” гэсэн дөрвөн криптобиржоор 2021 онд хоёр ихнаяд төгрөгийн гүйлгээ дамжсан гэх мэдээлэл бий. Хэрэвзээ, нэр бүхий гурван койныг шалгаж эхэлсэн, цаашлаад луйврын шинж чанартай нь батлагдвал санхүүгийн зах зээлд савалгаа үүснэ.
Дагаад койны ханш унаж, хөрөнгө оруулагчид алдагдал хүлээх нь дамжиггүй.
Үүний хариуцлагыг хяналт шалгалт хийсэн төр хариуцах уу, эсвэл гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулсан койн гаргагчид хариуцах уу гэдэг эргэлзээ дагуулах нь тодорхой. Энэ ч утгаараа хууль хяналтынхан уг мэдээллийг ихэд нууцалж буй бололтой юм.