Үндэслэлгүй хөрөнгөжиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан ч 2002 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцээ хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон хавтаст хэргийн уртаас урт жагсаалт бий.
Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэх үндэслэлээр хаагдсан гэмт хэргүүдийг 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэ заалтаар дахин сэргээн шалгах боломжтой болсон юм.
Тэгвэл үүний нэг жишээ болох хэргийг Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг улсад учруулсан 644.955 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөх шийдвэрийг Дээд шүүхээс өчигдөр гаргалаа.
Тэрбээр цалингаас өөр орлогогүй гэж АТГ-т мэдүүлсэн тэрбээр их хэмжээний эд хөрөнгөтэй болсон нь хөрөнгө орлогийн мэдүүлгээр ил болсон юм.
Тиймээс АТГ-аас мэдүүлэг авахад хөрөнгөө хууль ёсных гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй юм.
Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд дөрвөн өрөө байр хэрхэн худалдаж авсан санхүүгийн эх үүсвэрээр тодорхой тайлбарлаж чадаагүйн сацуу Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, 2015 онд “Таван богд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй.
Тиймээс АТГ-аас түүнийг баривчилж, Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татсан ч харамсалтай нь, хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдсан. Тэгвэл дээр хэлсэнчлэн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж, төрд учруулсан гэм хорын хохиролд 644 сая 955 мянган төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Улсын Ерөнхий прокурорын газраас иргэний хэргийн шүүхэд гаргасан юм.
Гэтэл анхан шатны шүүхээс прокурорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байдаг.
Тиймээс УЕП-оос шүүхэд эсэргүүцэл бичиж, давж заалдсан учир давж заалдах шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон юм.
Гэтэл Р.Онон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Энэ дагуу Дээд шүүх уг гомдлыг хянан хэлэлцээд улсад учруулсан хохирлоо төлөх ёстой гэж үзсэн байна. Ингэснээр Р.Онон нь 460 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 644 сая 955 мянган төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлөх үүрэг хүлээлээ.