Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.05.10) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд Эдийн засгийн байнгын хороо банкнуудын IPO гаргах асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцлоо.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар банкнууд 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болох ёстой. Энэ хуулийн дагуу банкнууд өөрийн бизнес төлөвлөгөөгөө СЗХ, Монголбанканд ирүүлсэн.
IPO хийж буй энэ процесс нь хоёр сар хүрэхгүй хугацаанд хийгдэхээр болчхоод байгаа. Таван том банк хөрөнгийн бирж дээр зэрэг орохоор өрсөлдөөн зэргээс шалтгаалсан хөрөнгө оруулагч нарын хувьд төвөгтэй байдал үүснэ. Тиймээс хугацааг сунгаж өгөх нь зүйтэй.
Бэлэн болсон банкнууд IPO хийж болно. Төв банкны зүгээс бэлэн болсон банкнуудад активийн чанарын үнэлгээ буюу санхүүгийн тайланд нь чанарын үнэлгээ зэрэг хийхэд харшлах зүйл байхгүй.
IPO хийх материалаа бүрдүүлж өгсөн банкнууд зөвшөөрлөө авчих юм бол шууд хувьцаагаа олон нийтэд арилжаалах боломжтой. Хуулийн хугацааг сунгаж байгаа нь үүнтэй хамаагүй. Эхлэх хугацаа нь нээлттэй. Харин хувьцаат компани болгож дуусах эцсийн хугацааг сунгаж байгаа.