Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Smile grace” компани: Иргэдийг залилаагүй, мөнгийг нь барагдуулахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 8 секунд

“Smile grace” компанийн шугамаар Турк улсад аялахаар очсон иргэд тус улсад олон хоног гацаж, гудамжинд хонох дээрээ тулсны эцэст сая нэг эх орондоо ирсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Уг мэдээлэл цацагдсан даруйд жүжигчин Б.Цэцэг “Маш олон хүн хохирсон байна. Аялуулна гэж мөнгийг нь авчихаад луйвардчихдаг шир хүүхэн байна. Уг нь хүмүүс мөнгөө 100 хувь төлж. Гэтэл тэр мөнгөөр нь өөр хүмүүст билетийг аваад явуулсан байна. Үүнээс нь болж 10 гаруй иргэн 20-иод хоног гацлаа” гэсэн пост оруулсан юм.

Тэгвэл уг постыг оруулсан жүжигчин Б.Цэцэгийн эсрэг “Smile grace” компанийн захирал П.Янжид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Тэрбээр уг үйлдлийнхээ тайлбарыг "Бизнес эрхлэхэд алдахгүй үе гэж байхгүй. Би алдсан. Гэхдээ хохирлыг нь төлөх гээд хичээж л байна. Юун сүртэй юм. тэгээд ч Цэцэг гэх хүүхнийг би хохироогүй. Гэтэл миний нэр төрд халдлаа" хэмээсэн юм.

Ингээд “Smile grace” компанийн захирал Р.Янжидтай утсаар холбогдсоноо хүргэе.

-Танай компанитай холбоотой мэдээлэл цацагдаад хэд хоног өнгөрлөө. Хохирсон иргэд л цахим орчинд мэдээлэл түгээж байгаагаас биш өөрөө ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Болсон явдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчуудын нэг муухай зан байна. Ганц, хоёр аялал бүтэлгүйтсэн биш дараагийн захиалагчид нь аялалаа цуцлъя, мөнгөө авна, лайв хийнэ гэж дарамтлах жишээтэй. Бүр Цэцэг гэж ямар ч хамааралгүй хүүхэн байна. Би тэр хүнийг танихгүй. Гэтэл хүмүүсийн ам дамжсан яриагаар элдэв юм бичсэн. Аргаа бараад би тэр хүүхнийг цагдаад өгсөн. Уг нь над мэтийн жижиг бизнес эрхлэгчдийг оролдож байхаар өөр юм хийвэл дээр шүү дээ. Намайг гүтгэсэн бүх хүнийг Зөрчлийн хуулиар шалгуулах болно.

-Чухам юунаас болж ийм асуудал үүссэн юм бэ?

-Манай компани аялалын хөтөлбөртөө хямдрал зарласан юм. Нэг ёсондоо хямд зардлаар иргэдээ бүртгээд өндөр төлбөртэй аялалд хамруулсан гэсэн үг. Ингэхээр бид шатна биз дээ. Санхүүгийн бланс хасахын хасах болсон. Аялалаар явсан иргэдийн зарим нь тийзгүй байсан. Тийз авч өгөхийн тулд энд тэнд өр тавилаа. Авч ирэх гэж ямар их хичээсэн гээч. Бүр өндөр үнэтэй тийз хүртэл худалдаж авч өгсөн. Тэгсэн байхад л уурлаад л бухимдаад л. Яах вэ, ойлгож байгаа нэгэн нь байна. Ойлгохгүй нь ч байна. Гэхдээ заавал намайг ойлгох албагүй л дээ. Манай компанийн алдаа юм чинь. Түүнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг бусдыг залилсан юм байхгүй.

-20 орчим хоног гэсэн байх аа?

-Элдэв пост бичээд байгаа бүх хүмүүс ирчихсэн. Уг нь надтай бизнесийн хамтрагч хүүхдүүд байхгүй юу. Машин зардаг мөнгөтэй залуус. Аялалд явж байснаа “Хэд хоног сунгамаар байна” гээд буцах тийзээ сунгасан юм. Түүнээс биш, би хойшлуулсан юм байхгүй. Тэгээд тийзийг нь сунгаад байж байтал манай дараагийн аялалуудад асуудал үүсч, санхүүгийн хүндрэлд орчихгүй юу. Ингээд л хойшилсон. Буудлынх мөнгийг төлөхдөө төлөөд, төлөхгүйдээ өөрсдөөр нь төлүүлсэн. Гэхдээ өөрсдөөр нь төлүүлсэн ч ирэхээр нь манайх мөнгийг нь буцааж өгнө шүү дээ. Ийм л юм болсон. Би ажлаа хийдгээрээ хийгээд хүмүүсийн хохирол гээд байгаа зүйлийг нь барагдуулахын төлөө ажиллаж байна. Ирээдүйд аялахаар мөнгөө төлсөн иргэд бол хохирогч биш. Тэдний мөнгийг буцаадгаараа буцаана. Энэ бол төлбөрийн буцаалт. Харин төлбөрөө төлсөн ч явж чадаагүй хүмүүс бий. Тэдний төлбөр бол хохиролдоо тооцогдоно. Тэр мөнгийг нь барагдуулахаар ажиллаж байна. Заримыг нь төлсөн.

-Хямд зардлаар иргэдийг бүртгээд өндөр төлбөртэй аялалд явуулсан гэлээ. Хэдий хэр хэмжээний зардлаар хэдэн хүнийг аялуулж байж ашиг гарах вэ. Хамгийн бага хэмжээний зардлаар өндөр аялалд явуулах нь танай байгууллагад хохиролтой биш үү. Ингэхээр хасах бланс руу орно биздээ?

-Өмнө нь манайх долоо хоногт 10-15 хүнийг аялуулдаг байсан юм. Энэ бол маш бага ачаалал. Тэгээд групп аялал зарласан. Янз бүрийн үнэтэй онгоцоор долоо хоногт 130, 140 хүнийг аялуулдаг болсон. Яг үүнээс асуудал үүссэн. Бод л доо. Хоёр хоног тутамд өндөр, хямд үнэтэй тийзээр хольж явуулаад байхаар аялаж байгаа иргэн хохирохгүй. Харин өндөр үнэ төлж байгаа манай компани хохирно биз дээ. Яаж ч бодсон тийм биз дээ. Ядаж байхад орж ирэх ёстой мөнгө нь цагтаа орж ирэхгүй. Ингэхээр дараа дараагийн тооцоо нэхэгдэнэ. Арга барахаараа дараагийн ээлжинд бүртгүүлсэн хүний мөнгөнөөс өмнөх ээлжийн тооцоог хийнэ. Ингэж явсаар байгаад л ийм байдалд хүрсэн.

-Одоо нийт хэдэн хүний хэдэн төгрөгийн хохирол байгаа вэ?

-Манай 500 орчим сая төгрөгийн алдагдал хүлээсэн.

-Энэ тооцооноос хаанаас гаргасан дүн бэ. Хуулийн байгууллагаас шалгасан дүн үү, эсвэл танай тооцоо юу?

-Манай тооцоо.

-Цагдаагийн байгууллагаас дуудсан уу?

-Дуудсан. Очиж мэдүүлэг өгсөн, учраа хэлсэн. Цагдаагийн зүгээс анхнаасаа залилах санаа агуулаагүй юм байна. Хохирлыг эхнээс нь төлж барагдуулж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Гэтэл зарим хүн хүлээж тэсэхгүй юм. Яагаав, хадгаламж зээлийн хоршоо дампуурахад юу боллоо. Тэрэн шиг л бодож байх шиг байна.

-Танайх Турк рүү хэдэн төгрөгөөр аялуулдаг байсан юм бэ?

-Манай компанийн хувьд 4.1-4.4 сая төгрөгийн хооронд байдаг. Зарим компаниуд 2.8 орчим сая төгрөгөөр аялуулдаг. Янз бүр л дээ. Би бас нэг зүйл хэлмээр байна. Аялалд явж ирсэн хүмүүс их сонин юм аа. Элдэв пост оруулах юм. “Наадахаа устгачих” гэхээр өөдөөс мөнгө нэхэх юм.

-Чи мөнгө өгч устгуулсан уу?

-Үгүй ээ. Өгсөн бол өдийд юу гэж ийм зүйл болох уу. Тэр хүмүүст өгөх 5, 10 сая төгрөгөө аялалд яваагүй иргэдийнхээ төлбөрийн буцаалт хийсэн нь дээр биз дээ.

-Жүжигчин Б.Цэцэг та хоёрын хооронд яг юу болсон юм бэ?

-“Наадахаа устгачих. Өөрт чинь ямар хамаатай юм бэ” гэсэн чинь “Битгий хуц гэж байна лээ”. Тэгэхээр нь цагдаад өгсөн. Тэр хүүхэн чинь элдэв бусаараа хэлүүлээд сурчихсан юм байна лээ.

-Компанийн үйл ажиллагаа цаашид тогтвортой үргэлжилж чадах болов уу?

-Тэрэнд ямар ч асуудал байхгүй. Манайхыг мэддэг, аялаж байсан хүмүүс бол дараа дараагийн аялалд хамрагдана гэсэн.

-Танайх 4.1-ээс 4.4 сая төгрөг гэхээр өндөр ханштайд тооцогдох юм шиг ээ?

-Тийм. Үнэтэйдээ орно.

-Тэр хэрээрээ сервес үйлчилгээний зэрэглэл нэмэгдэнэ биз дээ?

-Яг тэгж ойлгож болохгүй. 4.1-ээс 4.4 сая бол жишиг үнэ. Гэхдээ энэ хохирогч гээд байгаа хүмүүс энэ үнээр бүртгүүлээгүй. Яг нарийн тоо мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2.8 орчим сая төгрөгөөр бүртгэсэн санагдаж байна. Хэдийгээр ийм хямд үнээр бүртгэж аялуулсан ч сервес үйлчилгээгээ огт бууруулаагүй. Одоо яах вэ дээ, өөрсдийн алдаа юм чинь яаж ийж байгаад хохирлыг нь барагдуулна. Нэг удаа алдчихлаа. Бизнес эрхлэхэд алдаж л таарна. Гол нь дараа л дахиж алдахгүй байх ёстой. Тэгж бодоод л хичээж байна даа.

“Smile grace” компанийн захирал П.янжид ийм тайлбар өгсөн юм. Тэгвэл тус компаниар аялаад хохирсон гэх иргэд Зариг.мн сайтад ярилцлага өгөхдөө "Туркийн Анталья хотод буугаад "One resort" гэдэг буудалд байрласан. Антальяд хоёр хоносон. Хотын аялал байсан учраас Памуккале руу орчуулагчтай нийлээд 44 хүн явсан. Гэтэл тэнд очоод 10 хүнийг хаяад явчихсан. Аялалд явсан 33 хүний 10 нь хоёр хотын аялалд 33 нь гурван хотын аялалд явах төлөвлөгөөтэй байсан юм. Памуккалед очоод дөрвөн одтой зочид буудал гээд буулгатал тэр нь дэм буудал байсан.

Маргааш нь гурван хотын аялалаар явах 33 хүн нь Станбул руу яваад, бид 10 хүнийг хаяад явчихсан. Орчуулагч нь хүртэл 33 хүнийг дагаад бид хэд яах нь тодорхойгүй памуккалед хаягдсан. Бид нар буцаад Анталья руу яваад таван одтой нэг буудалд буусан. Ерөнхийдөө 4 сарын 11-28 хүртэл бид нар энд өөрсдийн зардалаар бүх төлбөр тооцоогоо хийсэн. Уг нь бид анх дөрвөн сая төгрөгөөр 7 өдөр найман шөнийн аялалд явсан. Ингэхдээ буудал, хоол, ирж очих онгоцны билет бүгд багтсан. Тухайн Smile Grace компанидаа хандахаар юу гэдэг тайлбар хэлдэг юм. Та нар өөрсдөө зардлаараа буцаж ир, бидэнд хамаагүй гэдэг.

Антальяд таван одтой гээд байгаа зочид буудалд нь өдрийн сая гаруй төгрөгийн төлбөр төлж байрласан. Өчигдөр шөнө аялалын компанитайгаа холбогдтол Стамбулд хүрээ ир гэхээр нь ирчихсэн буудалд байна. Одоо холбогдохоор утсаа авахгүй, Монголд байгаа ар гэрийнхэн компанид нь очоод уулзахаар "өөрсдөө төлбөрөө төлөөд ир" гээд бөөн хэл ам болж байна. Биднээс Монголд байгаа ар гэрийнхээ хүмүүсээс 20 гаруй сая төгрөг өнгөрсөн хугацаанд авсан. Одоо бид яахаа мэдэхгүй байна.Энд одоогийн байдлаар 3-65 насны 10 хүн мөнгөгүй, санхүүгийн асуудалд орчихсон, буцаж чадахгүй л нөхцөл байдалд байна. Мөнгөгүй болохоор буудлаасаа хөөгдчихсөн байна" гэсэн тайлбарыг өгч байжээ.

Зөрчилтэй ААН-үүдийг 19.6 сая төгрөгөөр торгожээ
Зөрчилтэй ААН-үүдийг 19.6 сая төгрөгөөр торгожээ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.