Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 729 газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, худалдан борлуулж, хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийг хамруулан хяналт шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй 3767 зөрчил дутагдлыг илрүүлсэн юм..
Хяналт шалгалтын явцад 994 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 564, мэдэгдэл 100, танилцуулга 11, дүгнэлт 1-ийг бичиж албан тушаалтанд хүргүүлэн, галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативыг зөрчсөн 12 аж, ахуйн нэгж байгууллагыг 19.6 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.
Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөөгүй.
Мөн агуулахад вагонцистернийг чирэх зориулалтын төхөөрөмж байрлуулаагүй, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай далд байрласан сав, ил байрласан хэвтээ сав болон резерваурт хөөсөөр гал унтраах болон усаар гал унтраах системийг суурилуулаагүй, гал унтраах автомат систем суурилуулаагүй, ослын үеийн гэрэлтүүлэг төлөвлөөгүй, зам гарцыг чөлөөтэй байлгах, гадна талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, шатахуун түгээх станцын барилга байгууламж болон автотээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станцын удирдлагын байрны хоорондох тусгаарлах ханыг гал тэсвэршилтэй материалаар хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.