Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцов.
Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14.319 байгууллагын 73.472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэн чийгшүүлж, хайс, хашлага, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжаа цэвэрлэв. Үүнээс гадна автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гудамж, зам, талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн юм.