Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж: Ганц гишүүн, сайд байтугай ТӨР хөдлөөд дийлдэггүй халхавчтай Д.Эрдэнэбилэгийн мафийг нурааж байж миний санаа амарна гэж хэлж байсан даа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 16 секунд

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг шүүхээс нэг сар цагдан хорих захирамж гаргасан. Түүнийг гэмт хэрэг үйлдэж болзошгүй баримт илэрсэн хэмээн АТГ-аас цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгч, шүүхээс нэг сар хорих шийдвэрийг өнөөдөр гаргасан юм.

Тэгвэл уг асуудлаар ХЗДХ-ийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Та нэгэн цагт Монгол Улс Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн компанид шилжчихлээ хэмээн шүүмжилж байсан?

-Энэ мафийг нурааж байж, миний санаа амарна гэж би хэлж байсан даа. Энэ сүлжээг тайлах ёстой байсан. Их ч удаан явлаа. Цэвэр мафийн зохион байгуулалт байсан. Өчигдөр Ерөнхий сайд түүнийг бараг төр болчихсон гэж хэлсэн. Тэр чинь зүгээр нэг үг биш. Ийм ноцтой асуудал байгаа. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн өнгөтэй өөдтэй болгоныг хамчихсан байсан.

Хөтөл 2011 онд Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг юм хийсэн. Гэрээ нь 2021 онд дуусах байсан. Концессоор өгсөн өмчийг хувьчилж болохгүй гэсэн заалттай. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчиж, УИХ тогтоол гаргаад өртэй нь хувьчил гэсэн шийдвэр гаргасан байдаг юм билээ. Хуулийн байгууллага шийдэх байх. Надруу дайраад байсны цааш шалтгаан ийм л байсан юм. Одоо ном журмаараа хэрхэн шийдэгдэх байх. Том үгээр ярьвал улс орсон. Улсын Ерөнхий прокурорынх нь удирдлага нь Дарханаас төмрийн хүдэр зөөдөг. Ингэж хуулийнхан болон намынхныг, Ерөнхий сайдуудыг, УИХ-ын удирдлагуудыг урхидсан байсан.

-Д.Эрдэнэбилэг хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өглөө. Ер нь бол авсан зээлээ төлөхгүй байх жишиг олон улсад байдаг гэж ярилаа?

-Хэрвээ байгуулсан төрөө бэхжүүлж чадсан бол түүний авсан зээл хэзээ ч төлөгдөхгүй байсан. Бүгдийг нь үнэгүй хамах байсан. Ер нь бол банкны систем, Сангийн яамыг төлөөний хүнээ тавиад л удирдаж байсан хүн шүү дээ. Тэр Монголбанкны захирал Г.Золжаргал чинь ХХБ-ны тиллер байсан хүн. Монголбанкны Ерөнхийлөгчөөр тавьчихаад л тэрүүгээрээ бүх юмаа хийлгэдэг байсан. Д.Эрдэнэбилэгийн компаниудад Монголбанкнаас 360-аад тэрбум төгрөгийн зээл өгсөн байдаг.

Хөгжлийн банкны ТУЗ-д бас төлөөний хүнээ тавьсан байсан. Гүйцэтгэх удирдлагад ч хүнээ тавьчихсан. Тэгээд л төрийн мөнгийг шахаад л авдаг системтэй байсан шүү дээ. Сүлжээ, тор бий болгосон байсан. Энэ бол ноцтой асуудал. Надруу өдөр шөнөгүй дайраад байсан нь ийм учиртай. Давахгүй давааг давлаа. 7-8 даваа давлаа. Сүлжээг нь таслах л ажил байсан юм. Маш хүнд. Тагнуулын дарга нь оролцчихсон. Энэ бол мафи.

-Та ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа энэ мафийг таслахын тулд ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Би 2016 оноос үүнийг ярьж эхэлсэн. ХЗДХ-ийн сайдыг хүмүүс "Хуулийн бүх асуудлыг ганцаараа шийддэг" гэж буруу ойлгоод байдаг. Ерөнхий шүүгч, шүүгч нар, Ерөнхий прокурор, орлогч нарыг нь Ерөнхийлөгч томилдог. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Хууль зүйн сайд хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй. Тэгэхээр хэргийг шалгах бүх хүмүүс нь өөр газраас томилгоотой учраас томилсон хүмүүсийнхээ үгээр явчихдаг. Ийм л зовлонтой системтэй.

Эрдэнэтийн 49 дээр УИХ-ын ажлын хэсэгт гол ажлыг нь хийсэн хүн нь БИ. Намайг ХЗДХ-ийн сайд байхад хэсэг хугацаанд энэ хүмүүсийг чинь барьж хорьсон. Гэвч сулласан. Чадах бүх арга хэмжээг л авсан. Гол хийсэн ажил сүлжээг нь тайлах.

Ганц гишүүн, сайд байтугай төр хөдлөөд дийлдэггүй халхавчин дор орсон байсан. 2005 онд Улаанбаатар банкыг, 2007 оны сүүлчээр ХХБ-ыг сэжигтэй аргаар аваад, үүнийхээ дараа нэг хүнтэй баахан жижиг компаниуд байгуулсан.

Цаашдаа бүр Дулааны 3,4 дүгээр станцыг авах гэж байсан. Багануур ХХК-ийг бараг авсан.

-Цаашид ямар ажиллагаа үргэлжлэх бол?

-Шүүх, хуулийн байгууллага ямар шийдвэр гаргахыг би хэлж мэдэхгүй байна.

Ж.Сүхбаатар: Түр хороо зээлийн эргэн төлөлт, явц байдлыг шалгана
Ж.Сүхбаатар: Түр хороо зээлийн эргэн төлөлт, явц байдлыг шалгана
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.