Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй амьдрах эрхийг хэрхэн хангах вэ. Энэ хуулийг гаргаж ирснээр эмийн хяналтыг яах вэ. Төлөвлөгөөт шалгалтыг хийхгүйгээр эмийн хяналтыг сайжруулна гэж байхгүй. Мэргэжлийн хяналтын газар хил гааль дээр сайн лаборатори байгуулах ёстой. Тэгэж байж иргэдээ шаардлага хангасан, бүртгэлтэй эмээр хангахгүй бол Монголд ямар ч эм уугаад үйлчилгээ нь маш тааруу байна. Боомтуудад зөвхөн гаалийн Ерөнхий газар ажиллаад байна. Чадавх нь байгаа юм уу. Мэргэжлийн хяналт хил дээр ажиллахаа больсон байна. Хилээр орж ирж байгаа эмүүдийг гааль мэднэ гээд сууж байна. Эмээр олон жил бизнес хийгээд өөрсдийнхөө төлөөлөгчдийг яам, тамгын газарт байршуулчихсан хоёр гурван эмийн бүлэг үүсчихээд байна. Ард иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг нь зөрчиж, эмээр бизнес хийдэг байдал газар авлаа" гэлээ.