Ардын нам дотор УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах процесс явагдаж эхэлжээ. Тодруулбал, МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн жагсаал цуглаан, нийгмийг бухимдуулсан гол буруутнаар спикерийг тодруулан “туг тахих” гэнэ. Тиймээс үнийн өсөлтийн гол буруутан, Далай ламтай уулзсанаас нь болж хилээ нээхгүй байна гэх улс төрийн мессежийг сошиалд өчигдрөөс маш хүчтэйгээр түгээж, өрнүүлж эхэллээ. Мөн түүнийг Их хурал болон бусад индрүүдээс хэлсэн “Иргэд хэмнэ” тэргүүтэй болчихгүй мэдэгдэл, үг хэлийг нь намынхан нь онцолж буй аж.
Өнгөрсөн бүлгийн хурлаар ч уг асуудал хүчтэй яригдаж УИХ-ын даргыг эвгүй байдалд оруулж байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Б.Жаргалмаа тэргүүтэй гишүүд УИХ-ын даргын буруу зөрүү яриа болон УИХ-ын гишүүд, бүлэгтэйгээ зөвшилцөхгүйгээр машин унаа хасах асуудлыг дур мэдэн шийдэж улс төрийн онооны араас хөөцөлдлөө хэмээн шүүмжилсэн. Ер нь гишүүд УИХ-ын даргыгаа ингэж зад шүүмжилж, загнах тохиолдол тун ховор. Өөрөөр хэлбэл баттай “хөдөлгөх” процесс өрнөх үед л бүгдэд ийм хэмжээний зориг ордог жамтай.
УИХ-ын даргын буруу зөрүү яриа бол түүнийг огцруулах улс төрийг босгож өгөх “овоо” төдий зүйл. Жинхэнэ “шаазай” нь өөр зорилгоор, өөр агуулгаар шагшрах болно.
Тодруулбал, 2020 оны парламентын сонгуулийн дараа У.Хүрэлсүхийг дахин Ерөнхий сайдаар томилсон өдрөөс хойш Ардын намын 70, 80-аад оныхны хооронд эрх мэдлийн төлөөх битүү “зодоон” өрнөж эхэлсэн түүхтэй.
70-аад оны төлөөллүүд болох “ах” нар тухайн үеийн хамгийн эрх мэдэлтэй, улс төрийн хүчтэй байсан Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад сойж, өөрсдөө “бялуу” хүртэхээр төлөвлөсөн бол 80-аад оны төлөөллүүдийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж байв. Ингээд улс төрийн үйл явдлууд өрнөж, 80-аад оны залуучууд бусдаасаа илүү зоримог, бас хурдтай байсны хүчинд У.Хүрэлсүхийн үлдээсэн бүхнийг хуу хамж, Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ бэхжүүлсэн.
Яг эндээс эрх мэдлийн хуваарилалтаас үүдэлтэй гомдогсдын бүхэл бүтэн арми МАН-д “бойжиж” өнөөдөр хүрээгээ улам бүр тэлсээр байна. Тэгвэл энэ бүх гомдсон “ах” нар бүгд Г.Занданшатар дээр очиж нэгдээд буй. Хамгийн сүүлд гэхэд л УИХ дахь 70-аад оны зарим төлөөллүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх яриа гарах болов. Прокуророос нэр орж ирсэн ч бай, үгүй ч бай энэ бол цаанаа улс төрийн зорилготой сануулга, дохио юм. Магадгүй нэр нь ороод ирлээ гэхэд УИХ дээр хамгаалахгүй шүү гэдгийг Ерөнхий сайд бүлгийн хаалттай хуралдаанд хэлчихсэн. Үүнийгээ дагаад Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх процесс өрнөнө. Ер нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй намын удирдлагууд энэ үйл явцыг ашиглаад 70-аад оны төлөөллүүдээсээ бүрэн салахаар хичээж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Тиймээс өдрөөс өдөрт өргөжин тэлж буй 60, 70-аад оны төлөөллүүдийг багтаасан гомдогсдын армийг “жанжин”-гүй болгох зорилгоор Г.Занданшатарыг огцруулах акцыг өрнүүлэх гэж буй бололтой. Хэрвээ санаж буй өнгөрсөн хугацаанд Г.Занданшатарыг Л.Оюун-Эрдэнэ талынхан хэд хэдэн удаа буланд шахаж байсан. Эхнийх нь 2020 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байхад нь тагнаж чагнасан гэх асуудлыг сөхөж, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг дэд даргынх нь хамт нэг өдөр ЗГ-ийн хурлаас “шүүрдэж” байв. Д.Гэрэл даргыг спикерийн хувийн тагнуулч хэмээн Баабар хүртэл жиргэж байв. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн тагнуулын дарга нарыг Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа томилуулж байсан өөрийнх нь хүмүүс юм. Дараагийн буланд шахалт нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрнөсөн. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн гэх хэргийг олон нийтэд гаргаж тавьж, намаасаа хүртэл хөөчихсөн. Уг үйлдэл нь сонгуулийн дараа Ерөнхий сайдын суудал ганхах процессыг 70-аад оны төлөөллүүд өдүүлж, үүнийг Г.Занданшатар ахалж мэдэх нигууртай байсан тул өрнүүлсэн түүхтэй. Ц.Анандбазарын асуудлыг Сүнээ гэгч иргэн хөндөхдөө Г.Занданшатарын нэрийг хэд хэдэн удаа зориудаар дурдаж, араас нь энэ хоёрыг “түрүүвч нэгтэй”, “Зайсангийн аманд хаус бэлэглэцгээсэн”, “нэр дэвших эрхийг нь Г.Занданшатар авч өгсөн” гэх мэдээллүүд хэвлэлээр сэвж байв.
Одоо ч гэсэн өрнөж буй далай ламтай уулзсан хэмээн шашны асуудлаар Г.Занданшатарыг шахаанд оруулж байна. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээрээс гадна УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэх улс төрийн ньюансыг тун удахгүй "тайз"-наа гаргаж ирэхээр төлөвлөж буй гэнэ.
Ер нь гишүүдээ хөдөлгөхгүй барьж байгаа л болохоос үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлаар бамбай хийгээд гишүүд засаг руу дайрвал байдал эвгүйтнэ. Ялангуяа түүнийг нь Г.Занданшатар "толгойлчихвол" Үндсэн хуулийн “хамгаалттай” ч улс төр яаж ч эргэх боломжтой. Тиймээс гомдогсдын “жанжинтай” учраа олох гэж буй бололтой. Спикерийг огцруулдаггүй юм аа, гэхэд цуглаж буй гомдогсдоо тараагаад, урдахаа хийх сануулгыг өгөх буй за. Нөгөө талдаа Г.Занданшатар даргаас ийм хэмжээний улс төрийн зориг гарах ч эргэлзээтэй л дээ. Гэхдээ л "дайснаа" дарж байх нь улс төрийн ч, дайны ч хууль гэлтэй...
Г.Лхагвадорж