Дотоод гадаадын олон шалтгаанаас үүдэн угийн эмзэг манай улсын эдийн засаг элгээрээ газар хэвтэж, "цагаан туг"-аа өргөх дөхөөд байгаа. Төгрөг үнэгүйдэж, талхны үнэ тэнгэрт хадаж ямар сайндаа аргаа барсан залуус "жагсахав".
Эргэн сануулахад залуусын жагсаал болохын өмнөхөн УИХ-ын дарга Г.Занданшатар "Хэмнэлтийн горимд орно. Ингэхдээ төрийн бүх шатны байгууллагаас эхэлж хэмнэнэ. Тэвчиж болох бүх зардлуудаа тэвчинэ" гэдгийг анх хэлж олны зэвүү, дургүйг зэрэг хүргээд амжсан. Ингээд төр төсвийн тодотгол хийхээр болж, тансаг хэрэглээгээ танаж, хэмнэлтийн горимд шилжээд байгаа. Гэтэл "том дарга" маань өөрөө хотын захад байрлах 2 өрөө байртай тэнцэх хэмжээний мөнгөөр ганц "принтер" худалдан авчээ.
Тодруулбал, шилэн дансны мэдээлснээр УИХ-ын даргын ерөнхийлөн захиран зарцуулдаг төсвийн хөрөнгөнөөс гуравдугаар сард 99 сая төгрөг гарч, САНКО МАРКЕТИНГ МОНГОЛИА гэх компанийн оруулж ирдэг KONICA MINOLTA корпорацийн Bizhub брэндийн "хар цагаан дижитал хэвлэх машин" худалдан авчээ. Энэ талаар тодруулахаар хэд хэдэн удаа утас зохисон ч тусыг эс олж, хариу өгөх хүн байсангүй. Харин "Санко маркетинг монголиа" ХХК-аас энэ талаар тодруулахад "99 сая төгрөгийн хэвлэх машин байгаа. Мэдээж хүчин чадлаасаа хамаарч 200-300 хүртэл сая төгрөгийн хэвлэх машин байдаг. Мөн худалдан авагчийн мэдээллийг өгөх боломжгүй" гэдгийг хэлсэн.
Эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед ийм өндөр үнээр ганц хэвлэх машин авах "тэвчиж болохгүй" шаардлага гарсан уу. Хэрэв үнэхээр шаардлагатай байсан бол ямар хэрэгцээнд хэрхэн ашиглах болсноо тайлбарлах ёстой. Төр иймэрхүү худалдан авалтаасаа татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлэхээ зогсооё, "өөрсдөө хэмнэ".