Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Эрдэнэбүрэнгийн станц баригдаж ашиглалтад орвол ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоосоо хангах боломжтой болно. Тус усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл ажил хангагдсан.
Гэвч нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал хүндрэлтэй байна. Нөлөөлөлд автаж буй иргэн гэдгийг тодруулбал, усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж амьдарч байгаа нутгийн 270 өрх айл бий. Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд авсан иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж нөхөн олговор олгож байгаа. Нөхөн олговрыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцаж байна.
Өнөөдөр баруун бүсийн эрчим хүчийг импортоор авч хангаж байна. Энэ хараат байдлаас бид гарах ёстой. Олон улс усны нөөцөө ашиглаж эрчим хүчээ хангаж байгаа.
Мэдээж иргэдийг ойлгож байгаа. Бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед малчин өрхүүд нүүдэл суудал хийхэд шинээр өвөлжөө, хаваржаа барих хэцүү байгаа байх. Засгийн газар шинэ эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэрэгжүүлнэ. Иргэдтэйгээ ойлголцож зөвшилцөж байж энэ төслийг хэрэгжүүлнэ. Нөлөөлөлд автсан иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх арга хэмжээ авна. Энэ нь малчин өрхүүдэд шинэ газарт суурьшихад боломжийн хэмжээний санхүүгийн дэмжлэг болно" гэв.