Энэ сарын 21-нд буюу өчигдөр Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн уулархаг газарт 132 хүн тээвэрлэж явсан "China Eastern Airlines" компанийн тийрэлтэт онгоц осолдсоныг тус улсын Иргэний нисэхийн удирдах газар (CAAC) мэдээлсэн. Боинг 737 онгоц баруун өмнөд хэсэгт орших Куньмин хотоос Гуанжоуг чиглэн явж байхдаа Вужоу хотын дээгүүр холбоо тасарсан аж. Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байсан гэж CAAC онлайнаар нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Мэдэгдэлд "Онгоцны ослын шалтгааныг шалгаж байна. Амиа алдсан иргэд болон багийн гишүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэжээ. Тус компани АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын Зөвлөл (NTSB)-тай холбоотой байгаа бөгөөд техникийн мэргэжилтнүүд нь CAAC-ын мөрдөн байцаалтад туслахад бэлэн байгаа гэсэн байна.
БНХАУ-ын хэвлэлүүдээр "БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын онцгой байдлын албанд "Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, ослын шалтгааныг тогтоохыг даалгасан" гэжээ.
Ослын газарт аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд болзошгүй шалтгаан болон амь үрэгдэгсдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.