Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Ану-Үжин: Түгжрэлийн гол шалтгаан нь иргэд харьяаллын дагуу хүүхдээ сургуульд хамруулдаггүйгээс болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 54 секунд

Хүүхдийн хичээл сургууль танхимаар эхэлж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл 10-20 хувиар нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байна. Тэгвэл замын хөдөлгөөний түгжрэл юунаас үүсэж байна, түгжрэлгүй болох ямар арга зам, шийдэл байгаа талаар Монголын барилгын инженерүүдийн холбооны дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал, хөгжлийн бодлого институт хариуцсан захирал Л.Ану-Үжинтэй уулзаж ярилцлаа.

-Сурагчдын хичээл эхэлснээр замын түгжрэл эрс нэмэгдсэнд иргэд ихээхэн бухимдаж байна. Түгжрэлийн гол шалтгаан нөхцөлийг юу гэж харж байна вэ?

-Өнгөрсөн 2021 онд судалгаа хийж нийслэлд танилцуулахад түгжрэлийн гол шалтгааны 25-28 хувь нь хүүхэд сургууль цэцэрлэгт хүргэж өгөхөөс шалтгаалж байна гэсэн дүгнэлт гарсан. Автомашин тооллого болон өөр аргуудаар судалсан. Эндээс иргэд хотод амьдрахдаа хамтран амьдрах соёлд суралцаагүй нь харагдаж байна. Мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байна. Гэхдээ нэгдүгээр хороололд амьдардаг иргэд хотын төв рүү хүүхдээ зөөдөг, харин нэгдүгээр хороолол руу Баянхошуунд амьдарч байгаа хүмүүс хүүхдээ зөөдөг нүүдлийн соёлын хандлага гаргаж байгаа юм. Хэрвээ сайн бодож үзвэл аль ч газар боловсролын чанар ялгаагүй л байгаа. Гэтэл эцэг эхчүүд орчин солих гэдэг утгаараа хүүхдээ зөөж түгжрэл үүсгэж байна.

500м зайд хүүхэд сургуулиасаа гэртээ хариад байх боломжтой

Мөн нөгөө талаасаа үндсэн асуудал нь сургууль цэцэрлэгийн хүртээмж. Сүүлд манайхан судалгаа хийхдээ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг радиусаар тодорхойлж үзсэн. 500м зайд хүүхэд сургуулиасаа гэртээ хариад байх боломжтой.

Ямар нэг хурдны зам байхгүй тохиолдолд 5-р ангиас дээш ангийн хүүхдүүд өөрсдөө гэртээ харих боломжтой гэж үздэг. Харин энэ нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг маш нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй. Их хэмжээний хүүхэд хамруулдаг том сургууль барихдаа гол ач холбогдол өгөхгүйгээр олон жижиг сургуулийг аль болох гэр хороолол, зуслан руу, Улаанбаатар хотын тэлж байгаа хэсэг рүү жижиг жижиг сургуулиудыг байрлуулж өгөх хэрэгтэй гэсэн үг. Гэрт нь ойрхон суурьшлын бүсүүддээ төвлөрсөн байдлаар шийдэж өгнө. Энэ бол хамгийн эхний шийдэх ёстой асуудал

Улсын чанартай сургууль цэцэрлэгийг 500м тутамд байрлуулах ёстой

Харин улс төрчид 320-920 хүүхдийн багтаамжтай том сургуулийг барих гэж оролддог. Энэ нь хүүхдүүдийнхээ амьдарч байгаа орчин зайд хүртээмжгүй болж байна. Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө явж чадахгүй асуудал үүснэ. Улсын чанартай сургууль цэцэрлэгийг 500 метр тутамд байрлуулах ёстой гэсэн арга хэмжээг авах хэрэгтэй.

Мөн хотод амьдрах соёлд суралцах хэрэгтэй. Монголоос өөр газар хамтран амьдрах соёлд суралцсан байдаг. Хэдий танихгүй хүмүүс байсан ч гэсэн нэг машин хамтдаа түрээслэх ч юм уу, нэгийнхээ машинд дайгдах, хотхоноороо нэг машинаар хүүхдээ хүргэж өгөх гэх мэт хамтдаа зохицон амьдрах /community/ соёл байдаг. Бид энэ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. Монголчууд төр засгаасаа шаарддаг хэрнээ өөрсдөө хэрэгжүүлэх болохоороо хийдэггүй. Маш олон хүн амьдарч байгаа тохиолдолд байгаа газрынхаа эдийн засаг нөөц бололцоонд тохируулж амьдрах нь зүйтэй. Хэрвээ та хотод амьдрахдаа мөрдөх ёстой дүрэм журмаа биелүүлэхгүй бол хотоос гарч амьдрах боломж нь байгаа гэдгийг л ухаарах хэрэгтэй. Сонголт нь ч байгаа.

"Бүх асуудлуудыг системээр нь цогцоор нь шийдэхгүй"

-Олон улсад түгжрэлийг бууруулах ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хүмүүс бодохдоо нэг юм уу хоёр асуудлыг шийдсэнээрээ хот түгжрэлгүй болно гэж боддог. Гэтэл энэ нь удаан хугацаанд хуримтлагдсан олон зүйлийн үр нөлөөнөөс үүссэн ганц том сөрөг үр дүн. Бүх асуудлуудыг системээр нь цогцоор нь шийдэхгүй байгаагийн дээр соёлоороо хүмүүс нь зохицон амьдарч, нийтийн тээврээ сонгохгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй.

Өнгөрсөн оны судалгаагаар нэг машинд дүүргэлтийн хэмжээ 1,24 хувьтай байна гэсэн тоо гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таван машин тутмын нэг нь л хоёр хүнтэй явдаг бол бусад нь нэг, нэг хүнтэй зорчдог гэсэн үг. Дийлэнх машин нэг хүнтэй явж байна. 120 машины 100 машин нь нэгхэн зорчигчтой хөдөлгөөнд оролцож байна. Ийм бага үзүүлэлттэй байна гэдэг нь өөрсдөө үр ашиггүй замын хөдөлгөөнд оролцдог гэсэн үг.

Нийслэл болон засгийн газар үүний хариуд бодлого явуулж чаддаггүйн шалтгаан нь иргэд нь хүлээж авахгүй байх вий гэсэн айдсын хандлага байна. Тийм учраас соёлжих ёстой гэсэн шалтгаан үүсэж байгаа биз. Мөн өөр нэг шалтгаан нь хот төлөвлөлттэй холбоотой. Орон сууц, барилга барьж байгаа газрууд зам руу тулгаж барьдаг. Үүнээс болж хөдөлгөөнд оролцож байгаа машинууд гацаа үүсгэж нэг зогсоол руу ордог. Зогсоол руу орж гарах нь түгжээ үүсгэдэг. Олон улсад хот төлөвлөлтийн үйлчилгээ нь маш ондоо.

Жишээ нь би Малайзд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Тэгэхэд хотхон ашиглалтад орох гэж байгаа тохиолдолд нийт хүн амын тоо болон нийт автомашинтай байх хүмүүсийн тоог тооцоолж 1500 хүнтэй хотхон 1000 машинтай байна гэхэд 1000 машин төв замд нийлэх тооцооллыг эхлээд хийдэг. 1000 машиныг төв зам руу оруулахын тулд заавал туслах зам хийж байсан. Туслах замаас машины хөдөлгөөн саармагжиж байж шууд ачаалал үүсгэхээс сэргийлдэг. Энэ нь урсгалаа зөв тооцоолж байна гэсэн үг. Манайх бол шууд орцноосоо гараад хөдөлгөөнд оролцдог. Энэ нь үндсэн урсгалуудаа боож тэр чигт нь түгжрэл үүсгэдэг. Ийм олон асуудал байна. Төлөвлөлтийн дүрэм стандарт засгийн газраасаа хувь хүн шаардах ёстой. Тиймээс иргэд өөрсдөө эхлээд соёлжъё. Хөдөлгөөнд оролцохдоо хүлээцтэй байя. Хувь хүний үүднээс хэлэхэд өглөө ганцаараа битгий хөдөлгөөнд оролцооч. Боломжтой бол алх, автобусанд суу.

-Нийтийн тээврийг сонго гэлээ шүү дээ. Манай улсын нийтийн тээврийн хүртээмж, зохицуулалт муу биш гэж үү, Ямар зохицуулалт хийж байж иргэд нийтийн тээврийг бүрэн сонгох вэ?

-Энэ асуудлыг ярихаар нөгөө талаас нь асуудал тоочдог. Жишээ нийтийн тээврийн компаниуд нь өөрсдөө манайд төлбөрөө төлөөд картаа уншуулдаг дундаж түвшний ажил эрхлэгчид бага суудаг. Харин оюутан болон өндөр настнууд суудаг. Тийм учраас автобус баазын шинэчлэлт хийх санхүүжилт байдаггүй гэсэн зовлон тоочдог. Нөгөө талаасаа иргэд нь хэрэглээгээ өндөржүүлж санхүүжилтийг нь үүсгэх хэрэгтэй. Автобус баазаас гадна нийслэлийн удирдлагууд нь нийтийн тээврийнхээ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Нийтийн тээврийн төрлөө нэмэгдүүлнэ гэдгээ тодруулбал?

-Нийтийн тээвэр дээр автобус тролейбуснаас гадна зөндөө олон төрлийн зүйл байгаа. Хүмүүс ганцхан метро гэж ярьдаг. Гэтэл метроноос гадна олон төрлийн хурдны галт тэрэг, хөнгөн галт тэрэг, дан замын галт тэрэг гэх мэт олон төрлийн тээврүүд үүссэн. Хятад, Японд өдөр тутамдаа ийм төрлийн зам баригдаж байдаг. Суман галт тэрэгний төсөл ч гэж байна. Энэ төслүүд хэрэгжвэл үнэ нь буурдаг. Дан ганц метроноос илүү үнийн хувьд хямд цаг хугацааны хувьд бага байх хөнгөн галт тэргийг ашиглах боломжтой гэсэн судалгаанууд гарчихсан. Тэдгээрийг хэрэгжүүлж эхэлтэл өөрсдөдөө байгаа боломж бололцоогоо ашиглаад арга хэмжээ авч байя гэдэг асуудал байна.

-Судалгаа нь гарчихсан хэрэгжих боломжтой гээд олон жил боллоо шүү дээ. Яг хэрэгждэггүй гол шалтгаан нь юу юм бэ?

- Нэгдүгээрт ийм мега төслүүдэд санхүүжилт гэдэг нэг том асуудал байдаг шүү дээ. Санхүүжилт нь ихэнхдээ засгийн газар хоорондын зээлээр зохицуулагддаг хувилбаруудтай. Хоёрдугаарт хэрэгжүүлэлт гэсэн асуудал гарна. Энэ олон улсад төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж хөгждөг. Ийм хувилбараар явахаар жаахан цаг хугацаа шаарддаг.

-Хэдий хэрийн цаг хугацаа шаардагдах вэ?

-Метро барихад таван жил, хөнгөн галт тэрэг ашиглаж эхлэхэд гурван жил болно гэх мэт төслийн өөрийн гэсэн хугацаатай байдаг. Тухайн төслийн хэрэгжүүлж эхлэх хугацаа гэж байна. Нийслэл болон Засгийн газраар дамжих хугацаа гэж байна. Тэр нь Монголд их уддаг. Хэн нь шийдвэр гаргах нь тодорхойгүй улс төрийн ашиг сонирхол явж байдаг гэх мэтчилэн зүйлсүүд байна. Шууд хийгээд эхэлье гээд тооцоолоод хийгээд эхэлбэл үндсэн төслийн хугацаа 2-3 жил л байдаг. Нийгэм, эдийн засаг гэх мэт олон зүйлсийн судалсан судалгаанууд бол хангалттай байгаа.

-Түгжрэлийг бууруулахын тулд богино болон урт хугацаандаа ямар зохион байгуулалтын ажил хийж байж бид энэ асуудлаас гарах вэ?

-Миний харж байгаагаар богино хугацаандаа бол хүмүүсийн өөрсдийн хийж чадах зүйл нь эхлээд соёлжих. Зохицуулалт талаасаа бол нэгдүгээр эгнээг шууд явуулдаг болгох хэрэгтэй. Автобус өөрөө 80 хүнтэй явж байлаа гэж бодоход нэг автобусанд 80 хүний эрх ашиг гэж тооцоод нэг машинтай, нэг хүнээс илүүд авч үзэхгүй байх нь чухал. Нийтийн тээврийн үйл ажиллагааг дэмжиж дан нийтийн тээвэр болгох хэрэгтэй. Бүр болохгүй бол оргил цагаар гэдэг хувилбар байдаг. Өглөөний 07-09 цаг оройн 18 цагаас 20 цаг хүртэл хугацаануудад ганцхан нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчино гэдэг дүрмийн маш сайн баримталчихвал тодорхой хэмжээнд буурна.

Сая цэцэрлэг сургууль эхлэхээр замын түгжрэл нэмэгдэж байна. Цэцэрлэг сургуулиуд харьяаныхаа хүүхдүүдийг авах хэрэгтэй. Харьяаны хүүхдээ авахыг яам нь цаанаас нь шаардаж байх ёстой. Дараагийн асуудал нь цэцэрлэг сургуулиуд өөрсдөө автобус үйлчилгээ авах боломжтой. Заавал өөрсдөө автобус худалдаж авах ёсгүй гэрээ маягаар тооцоолол хийж арга хэмжээ авах хэрэгтэй.

Мөн гадаадын улсуудад цэцэрлэгүүд ажлынхаа доор байрладаг тохиолдол их байдаг. Хүүхдүүдийнхээ тооцооллыг гаргаж өдөр өнжүүлэх төв ажлуулах гэх мэт маш олон хувилбар байна.

Мөн нэмж санал болгох зүйл нь манайд байдаггүй, хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй нэг зүйл нь хүргэлт түгээлтийн ажил. Манайхаас өөр том хотуудад хүргэлт түгээлт үүрийн 05-07 цагийн хооронд явдаг. Бөөний түгээлтүүдийг үүрээр хийдэг. 08 цагаас хичээлдээ явдаг оюутан байлаа гэж бодоход манайд 05 цагт ирээд хоёрхон цаг ажилла гэсэн саналыг тавьдаг. Хамгийн түрүүнд энийг хэрэгжүүлэх ёстой.

Манай хотод зөвхөн хүргэлт түгээлтэд ажиллаж байгаа машинуудыг тоолоход 30 гаруй мянга гэсэн тоо грасан байдаг. Эдгээрийг хянахад л 70-80 хувьтай бас бууруулах боломжтой. Хөдөлгөөнд оролцож байгаа 400- аад мянган автомашин байна гэхээр замын даац аль хэлийн хэтэрчихсэн байна. Харин тэр 400 мянган автомашины 30 мянгыг нь үүрээр болон оройн цагаар явуулбал 15 хувь хүртэл түгжрэлийг бууруулах боломжтой гэх мэт маш олон шийдэл байна. Гэхдээ шийдлийг гол нь иргэд нь хүлээн авч хэрэгжүүлэх ёстой шийдвэриүүд байдаг учраас удааширдаг.

-Зүүн гар талын эргэлтийг хориглох шийдвэр өнгөрсөн жилүүдэд бас гарч байсан удаатай. Нэлээд маргаан болж байгаад цуцлагдсан. Хаана нь алдаа гарчихсан юм бэ?

-Хүмүүс хууль дүрмээ хэрэгжүүлдэггүй учраас торгууль тавихаар төлдөггүй зэргээс болж засгаас гарч байгаа бодлого шийдвэр замхардаг. Зүүн гар тийшээ эргэх шийдвэрийг замын цагдаа ч юм уу, замын хөдөлгөөн зохицуулалтын газар гаргаад байж болохгүй. Харин үүнийг инженерчлэлийн байгууллага хот төлөвлөлтийн газрууд нь бүтэн симуляци хийгээд гаргаж байх ёстой. Хоёр алахмын зайтай эргэлт дээр нэгэн дээр нь эргэж болоод нөгөө дээр нь эргэж болохгүй байх жишээний. Хөдлгөөн өөрөө байнга өөрчлөгдөн байдаг зүйл. Жолооч нар ч гэсэн анхаарч байх хэргтэй нэг зүйл байна. Улаанбаатарыг төв зам дагуух аль хэсэгт хэдэн цагт түгжирч байгааг мэдэх хэрэгтэй. Адгийн наад зах нь жолооч нар googlemap-аа хэрэглээд сурах хэрэгтэай. Түнжрэлийн эсрэг хувь хүн талаасаа анхаарах хэрэгтэй. Тооцоологдоод гарч ирж байгаа шийдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс тооцоолохоор шууд эсэргүүцдэг асуудал гарч байна.

-Мөн автомашины экспортын татвар бага байгаагаа гэх мэт асуудал байгад байх шиг байдаг даа?

-Гаалиар орж ирж байгаа автомашины тоог бууруулъя. Үүнийг яаж бууруулах вэ гэхээр нийслэл дээр автомашины улсын бүртгэлийн бүртгэлийг зогсооё гэх мэтчилэн олон бодлогууд хэрэгжүүлэх гэж авч үздэг. Гэтэл иргэдээс ирэх эсэргүүцэл сөрөг хандлага гэдэг зүйл дээр их боддог. Энэ сэдэв нь өөрөө маш их улстөрждөг сэдэв учраас шууд шийдэж болдоггүй юм.

-Нэмж хэлэх мэдээ мэдээлэл танд байна уу?

-Аливаа шийдвэр болгоныг судалж гаргадаг. Энэ шийдвэрүүдийг дагаач ээ. Хотод амьдарч байгаа бол хотдоо дасан зохицооч ээ. Хүн бүр нэг машин бариад явахаар хүндрэл асуудлууд үүсэж байна. Хэрвээ ганц ганцаараа машин бариад явмаар байвал Улаанбаатар хотоос гарч амьдрах сонголт нь бэлэн байна. Үнэхээр түгжирмээргүй байвал дундын машинтай болох, алхах, нийтийн тээврээ сонгооч, технологио ашиглаж сураач ээ гэсэн уриалгыг л дэвшүүлмээр байна.

Ням гарагт 10 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны явагдана
Ням гарагт 10 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны явагдана
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.