Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилго бүхий "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ZOOM-ээр оролцож Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлын талаархи мэдээллийг өгөв.
Тэрбээр "Манай банкинд Монголбанкнаас активын чанарын шалгалт оруулсны үндсэн дээр нийт 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон гэсэн албан ёсны дүгнэлт гарсан. Манай банкны зүгээс ирэх жил 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийх ёстой болсон. Гэтэл талаас илүү зээлийн актив чанаргүй болсон. Энэ чигээрээ төлөгдөхгүй байвал бондын эргэн төлөлтөд тун хэцүү нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.
Хөгжлийн банк нэгдүгээр сарын сүүлээр зээлдэгч нарын мэдээллийг ил болгосны дараа зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн. Тодруулбал, 39 тэрбумын эргэн төлөлт хийсэн байна" гэв.