АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд буй 52 зээлийг шалгаж эхлэхээс өмнө АТГ тус банктай холбоотой зарим хэргийг шалгасан талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ.
Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, н.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн. Тухайлбал, Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглахад хамтран оролцсон гэх үндэслэлээр нийтийн албад томилогдох эрхийг гурван жилээр хасаж, нийт дөрвөн жил хорих ялаар шийтгэгдсэн байгаа.
Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Түүний давуу байдал олгосон нэр бүхий компаниас найман тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гарсан" гэсэн юм.