Үйлдвэрлэгч улс орон байж, халамж бус хөдөлммөрийн үр шимээр сайхан амьдарч болохын үлгэр жишээг бодитоор нийгэмд хүргэгч хүмүүс бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Тэгвэл энэ удаа бид хүүхдэд ээлтэй, 100 хувь хөвөн даавуун материалаар хөнжил, гудасны хослол үйлдэврлэгч "Nara kids" үйлдвэрийн үүсгэн байгуулагч Д.Наранцэцэгтэй ярилцлаа.
Түүний хувьд 10 гаруй жилийн хугацаанд БНСУ-д оёдлын чиглэлээр ажиллаж байгаад эх орондоо ирж өөрийн үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш даруй 7 жилийг ардаа орхижээ. Бид Д.Наранцэцэгтэй хөнжил гудасны хослолын үйлдвэрлэл болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм.
-Хөнжил, гудасны хослолын үйлдвэрлэлийг эхлүүлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?
-2013 он хүртэл БНСУ-д оёдлын чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа олон төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйлдвэрүүдэд ажиллаж байсан боловч дийлэнхдээ оёдлын чиглэлээр ажилласан юм. Хөнжил, гудасны үйлдвэрт нэг хэсэг ажилласан. Тухайн үед Монголдоо Солонгос технологийг оруулах юм сан гэх бодол төрдөг байсан. Энэ талын боломж нь ч бий гэдгийг мэдэрч байсан гэх үү дээ. Мэдээж ажиллах байх хугацаандаа оёх технологитой нь танилцаж суралцсан. Тэнд ажиллаж байхдаа гэртээ хоёр оёдлын машин лизингээр авч, түүнийгээ төлж дуусах үедээ эх орондоо ирсэн. Солонгост дөнгөж гэрээр тоног төхөөрөмжтэй болж байх үедээ анх эмэгтэй өмд оёж Монголоос ирсэн наймаачдад нийлүүлдэг байв.
Эх орондоо ирсэний гурав хоногийн дараагаас л гэртээ оёдлын тоног төхөөрөмжүүдээ суурилуулж эхэлсэн. Дөнгөж ирэнгүүтээ эмэгтэй өмд оёж байгаад нэлээд удалгүй зах зээлээ судалсны дүнд хүүхдийн өлгий, хөнжил гудасны үйлдвэрлэлээ эхлүүлэх боломжтой гэж харсан. Анх хүүхдийн өлгий хөнжилнөөс оёдлын үйлдвэрлэлээ эхлүүлж байлаа.
-БНСУ-д оёдлын чиглэлээр нэлээн удаан ажилласан юм байна. Тиймээс ч энэ чиглэлээ орхиж чадаагүй хэрэг үү?
-Оёх технологийн талаар БНСУ-д ажиллаж байхдаа суралцаж басхүү гараас гарч буй бүтээгдэхүүн бүр нь оёдолчин хүний хувьд бахархал нь болдог болохыг ойлгож байсан. Тиймээс ч оёдлын чиглэлээ орхихыг хүсээгүй. Бид урт цагаар ажилладаг байсан хэдий ч бэлэн болж буй бүтээгдэхүүнээ хараад л сэтгэл сэргэдэг байсан. Одоо ч ажлаасаа авдаг мэдрэмж маань хэвээр. Чанарын шаардлага хангасан, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн гэх сэтгэгдлүүдээс урам авсаар өдий хүртэл ажилласан. Монголд жижиг дунд бизнес эрхлэхэд зарим талаар хүндрэлтэй, бэрхшээл бий шүү дээ. Гэхдээ би ганцаараа зовлон бэрхшээлийг тоочоод байх нь утгагүй. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст ижил төстэй бэрхшээлүүд их бий.
-Та яриандаа Монголд анх ирээд зах зээлээ судлах шаардлага үүсч байсан талаар дурдсан. Мэдээж 2013 оноос хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед энэ төрлийн үйлдвэрлэл эхлүүлэхэд зах зээл нь өөрөө хэр боломжтой гэж харагдсан бэ?
-Анх энэ төрлийн үйлдвэрлэл эхлүүлэхдээ зах зээлээ судлах шаардлага гарч байсан. Солонгост ажиллаж байгаад Монголд ирээд судлаад үзэхэд материал тал дээр Хятадаас орж ирдэг чанаргүй материалуудаар хийсэн хөнжил, гудас их борлуулагдаж байсан. Тэр тусмаа хүүхдийн өлгий, гудас хөнжил материал болоод өнгө загварын хувьд тийм сонголттой гэж хэлэхээргүй л байсан юм. Үүнээс хүүхдийн хувцас, хөнжил гудасны хослол чиглэлээр дагнаж бүтээгдэхүүнээ оёоход боломжтой гэж бодоод үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Хамгийн анх хүүхдийн өлгий оёж эхэлсэн дээ.
-Анх бүтээгдэхүүн танилцуулах ажлаа цахимаар хийж эхэлсэн байх нь ээ?
-Тийм ээ. Гудас, дэрний хослолыг гадаадын улс оронд түгээмэл хэрэглэдэг шүү дээ. Энэ утгаараа анх худалдан авч буй иргэдийн сэтгэл ханамж ч өндөр байдаг.
-Танай гол бүтээл бол хүүхдийн гудас, хөнжлийн хослол. Том хүнийхээр ч гардаг юм байна. Гэхдээ бүтээгдэхүүндээ материал, чанар стандартын хувьд ямар шаардлагыг барьдаг вэ?
-Мэдээж хүүхдэд чиглэсэн бүтээгдэхүүн оёдог тул хүүхдийн биед харшил өгөхгүй 100 хувь цэвэр даавуун материал байх чухал. Ингэхдээ манай брендийн хувьд 100 хувийн хөвөн даавууг ашигладаг. Мөн хүүхдийн гудас, дэрний хослолыг гурван насны ангиллаар гаргадаг. Хоёрдугаарт, материалаас гадна хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн байх нь чухал юм шиг санагддаг. Иймээс материалын өнгө, загвараа хүүхдийн сонирхол татахуйц байдлаар хийдэг.
-Бусдаас ялгарах онцлог, давуу талаа тодорхойлооч гэвэл?
-Монголчууд хөнжил аваад түүндээ углаа даавуу тусад нь худалдан авч хийх нь түгээмэл. Манай бүтээгдэхүүний хувьд хөнжил, гудасны хослолын гадуур даавуу хийх шаардлагагүй. Энэ нь хөнжлөө гэрийн нөхцөлд өөрсдөө угааж хэрэглэх боломжтой. Ингэснээр угаалгад зарцуулах цаг зав ч хэмнэгдэнэ. Нөгөөтээгүүр, хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх талаас нь зорилго тавьдаг ч гэж хэлж болох юм. Мөн хослол болж гардаг гэдэг утгаараа давуу талтай. Хүүхдийнхээ нас, хүйсд тохируулан захиалах нь эцэг, эхчүүдэд илүү дөхөм байдаг. Орчин цагаа дагаад загвараа байнга шинэчилж байдаг л даа.
-Хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан жижиг дунд бизнес эрхлэгчдэд багагүй хүндрэл үүсч байх шиг байна. Танай үйлдвэрийн хувьд?
-Хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан материалын хомстол үүсч мэдэхээр байсан. Гэхдээ материалын нөөцөө хангасан байсан тул хүндрэл их гараагүй.
-Ер нь жижиг дунд үйлдвэрлэл явуулахад ямар хүндрэл, бэрхшээл гарч байна. Басхүү төр засгийн зүгээс шийдвэрлэх талаас нь ярихыг хүсэж буй ямар асуудал байна вэ?
-Санхүүжилт тал дээр асуудал их гардаг. Боломжийн хэмжээний санхүүжилт, зээл гардаг бол түрээсийн байр хэсэх шаардлагагүй шүү дээ. Нэгээс нөгөөд нүүж ороход тухайн газраа тоног төхөөрөмжөө суурилуулах дагаад ажилчдынхаа ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй зээлийг хангалттай хэмжээгээр нь олгох шаардлага байаар байна. Зээлийн хэмжээ, санхүүжилтийг өндөр хэмжээгээр өгөх нь эргээгээд тухайн үйлдвэрлэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулах томоохон хүчин зүйл хэмээн хардаг. Цаашилбал, хэрэглэгчид, зах зээлээ ч тэлэх бүрэн боломжоо бий болгоно. Хөнгөлөлттэй зээл хөөцөлдөөд олдохгүй бол өндөр хүүтэй зээлд хамрагдахаас өөр сонголтгүй болдог.
-2013 оноос хойш үйлдвэрлэл нь хэрхэн өргөжсөн гэж хардаг вэ?
-Анх үйлдвэрлэлээ эхлүүлж байхдаа ганцаараа ажилладаг байсан. Өнөөдрийн байдлаар таван хүнийг ажлын байраар хангаж, бид "Nara kids" брендээрээ олон хүнд чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд ажилласаар байна.
-Олон нийтийн дунд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үнэтэй гэх ойлголт байдаг. Энэ юутай холбоотой вэ?
-Гадны шаардлага хангахгүй, хямт өртгөөр хуалдаалагдахуйц бараа бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирж худалдан борлуулдаг нь худалдааны үнэд шууд нөлөлөдөг. Тухайлбал, ямар ч 100 хувь даавуу, хүний биед ямарваа нэг байдлаар харшил үүсгэхгүй бүтээгдэхүүнийг нийлүүлж буйгийн цаана өртөг өндөртэй бүтсэн гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Та бүхэн тус брендтэй холбогдохыг хүсвэл https://www.facebook.com/Naracomfort хаяг руу хандах боломжтой юм.