Ойрмогхон бид Казак судлаач болох зуур Ерөнхийлөгчийнхөө шинэ жилийн хундаганы үгийг мартаж орхилоо. Ерөнхийлөгч маань “Монгол Улс Ойрын 30 жилийн дотор азидаа эдийн засгаар тэргүүлнэ” гэж хэлсэн билээ. Гэм хоргүй ийм популизм ч яахав. Харин бид нэг зүйлийг л бид анхаарахгүй өнгөрч болохгүй. “Ноён У.Хүрэлсүх” бол манай нийгмийн алтан дундаж, ард түмний 70 хувийн саналаар сонгогдсон Ерөнхийлөгч. Ерөнхийдөө бидний байгаа царай, сайн муу, мэдлэгтэй мэдлэггүйгийн яг голч хүн гэсэн үг. Хувь улс төрч талаасаа энэ хүн тогтолцоондоо оршин тогтнохын тулд тохирсон технологийг эзэмших, түүнийгээ хэрэгжүүлэх тойрон хүрээлэгчидтэй байх эрхтэй. Сошиал сэвээчид, гудамжны орилогсод, улаан фанатуудаа хэн нь илүү зусардан тойруулж, ажилтай цалинтай байлгасан нь амжилт олдог юм хойно.
Харин “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх” бол хувь улс төрч гэхээсээ илүү ардчилсан төрийн институти болж байгаа юм. Энд зусарч долдой нараас гадна чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Үгүйдээ л Кофи Аннан нас барсан гээд хэлчих зөвлөх хэрэгтэй. Зусардагч, тойрон хүрээлэгчдээрээ элдэв илтгэл мэндчилгээ бичүүлээд байвал энэ мэтээр хөөдсөөр бүрэн эрх нь дуусахад онигооны боть хэвлүүлэх нь байна шүү. Ерөнхийлөгчийн институтийн чадамж доройтвол нь эцэстээ ардчилсан төрийн тогтолцоонд тун хортой.
Оройд нь гарч тэргүүлэн залах гээд байгаа Ази тивийн эдийн засаг гэж юу болох талаар энд хэдэн зүйл тэмдэглье.
Энд бид дэлхийн нийт хуурай газрын 30 хувь, хүн амын 60 хувийг бүрдүүлж буй 4.4 тэрбум ард түмний тухай ярьж байна. Энэ тивдээ бид газар нутгаараа долдугаар байрт орох ч хүн амын дөнгөж 0.0772 хувийг бүрдүүлж байгаа.
Дэлхийн эдийн хамгийн том арван эдийн засгийн дөрөв нь Азийнх.Тодруулбал БНХАУ, Энэтхэг, Япон, Солонгос гэсэн дөрвөн улс дэлхий дээр шинээр үүсч буй дөрвөн доллар тутмын хоёрыг бүтээж байна. Баялгийн хуримтлалтай топ арван орны ес нь ази тивийнх. Азийн бус ганцхан Норвеги л энэ жагсаалтанд багтсан бол баян Америкчүүд 11-рт байрт ордог. Ирээдүйн өв сан байгуулснаар Монгол Улс энэ жагсаалтанд нэг хэсэг 54-р байрт орж байсан удаатай. Гэхдээ өнгөрсөн намар төсөв батлахдаа хүүхдүүдийнхээ мөнгийг юу ч үлдээлгүй хусчихсан л даа.
Цаашлаад манай гарагийн 2755 тэрбумтны 51.7 хувь буюу 1426 нь Ази тивд амьдардаг. БНХАУ 698 тэрбумтай бол Балба улс нэг тэрбумтай. Монголын эдийн засаг бүхэлдээ уртаашаа 13 тэрбум ам.доллар. Тэрбумтан гэдэг нь манай улсын бүх мөнгөний 13-ний нэгийг эзэмшдэг лут амьтан гэсэн үг. Ийм бэнчинтэй олигархи байтугай бизнесмэн Монголд нэг ширхэг ч алга. Нийтээрээ хөрөнгөтний эсрэг үзэлтэй хэрнээ нийтээрээ хөрөнгөжих хүсэлтэй нийгмийн парадокс дээр сүүлийн гучин жил манай улс төрчид гулгиж эцэстээ антимайнинг, антиинвесмент бодлого нь бараг л төрийн албан ёсных болсон. Ядаж Балба шиг ганц тэрбумтай болоод, тэрнийхээ хөрөнгийг хурааж, нийгмээрээ жигшихгүй хэмжээний сэтгэхүй суусан цагт бид азийн эдийн засагт хошуу дүрвэл үнэмшилтэй.
Тивдээ тэргүүлж, дэлхийд хоёрт бичигдэж байгаа БНХАУ-ын эдийн засаг манайхаас 1076 дахин том. 1964 оноос хойш дэлхийн тавцанд анх удаа хөгжингүй орон гэж бүртгэгдсэн БНСУ-ын эдийн засаг манайхаас 138 дахин том. Одоо нэг баримжаа харагдаж байгаа биз.
Ази бол дэлхийн нийт бүтээгдэхүүний 47.4-ийг үйлдвэрлэж байгаа хамгийн хөдөлмөрч тив. 21-р зууныг Азийн зуун болно гэж хэлээд байгаа нь манай зусарч лоозонгоос огт өөр ойлголт. Европ Америкаас бүтэн зуун жил хоцорч хөдөлсөн энэ тив өнөөдөр дэлхийн аж үйлдвэрийн төв, дижитал хувьсгалыг тэргүүлэгч болоод байна. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд Азиуд хэдэн үеэрээ шаргуу хөдөлмөрлөсөн. Нийтээрээ орчин үежиж, шинжлэх ухаан, боловсролд шамдан өнгөрсөн баларсан түүх домогт сатааралгүй урдахаа харж мөрөөрөө хөдөлмөрлөсөн. Бүтээж босгох ганцхан зуны улиралтай атлаа яг тэр үеэрээ улсаараа наадамлаж, төрийн алба нь амраад алга болдог биднээс огт өөр замаар явсан.
Нэг хартал бид ардчилсан ч юм шиг, коммунист ч юм шиг, лаг ч юм шиг, мяа ч юм шиг хөгжөөд байгаа ч юм шиг, зогсоод байгаа ч юм шиг нэг тийм зүүдний ертөнц шиг орон боллоо. Дүүрэн гавьяат эдийн засагчтай хэрнээ эдийн засаг нь хөгждөггүй, үндэсний валютынх нь ханш жилээс жилд үнэгүйддэг. За тэгээд авилга, хулгай гээд ярьвал ёстой хүрээний явдал... далай далай.
Улсаа муулахыг надаас эхлээд бүгд сайн чадаж байгаа. Харин ажил хэрэгч санал тун цөөн. Авилгатай тэмцэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн хүнд суртлыг арилгах, чөлөөт секторын орон зайг тэлэх, өрсөлдөөнийг зохицуулах гээд дотооддоо шийдэх асуудал ёстой наян тав. Энийгээ эрх биш төр засаг нь яриад бүтэлтэй бүтэлгүй янз бүрийн л санаачлага гаргаж байна. Харин тэр бүр хүн ярихгүй байгаа нэг сэдэв бол гадаад худалдаа юм. Азидаа тэргүүлдэггүй юмаа гэхэд ядаж тоогдох хэмжээний эдийн засагтай болохын тулд бид гадаад худалдаан дээрээ хэд хэдэн асуудлыг бодитоор шийдчих хэрэгтэй байгаа юм л даа. Энд цөөн хэдэн жишээ дурдая.
Японы дундаж бизнесмэн ирээд танайхаас 200 мянган тн чацаргана жил бүр авья гэжээ. Манай үйлдвэрүүд нийлж чардайгаад 70 мянган тонныг гаргаж чаддаггүй ээ. Чацаргана жимсний гайхамшигт чанарыг шинжлэх ухаанч Япончууд хэдийн ойлгосон. Монголын хойд, баруун бүс тэр чигтээ чацаргана тариалахад тохиромжтой талбай. Гэтэл тэнгэр заяатнууд маань юу гэж л өргөстэй модтой ноцолдох билээ. Япончууд ч биднийг хэзээ чацаргана тарина гэж хүлээхэв. Манайхаас үнэтэй ч нийлүүлэлт найдвартай Орос, Канадтай наймаагаа хийсээр.
Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн ачаар бид 8800 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ямар ч татваргүй экспортлох эрхтэй болсон. Нэг гибрид автомашинд эрэг шургаас эхлээд 100 орчим кг зэс орох юм билээ. Эрдэнэтийн овоолгоос гарч байгаа катодын хавтангаа хайлуулаад ганц хэвтэй боолт хийж чаддаггүй ээ. Хэдийг хийгээд гаргамаар аядсан чинь сэв алдаа, өргөн нарийны зөрүү гаргаад гологдсон. Монголд юу л байна зэс байна. Хайлуулах үйлдвэрээ байг гэхэд катодын зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах тун энгийн бизнес терминал эзнээ хүлээгээд хов хоосон хэвтсээр.
Японтой хийсэн шиг чөлөөт худалдааны хэлэлцээрийг бид АНУ, Европын холбоотой ч хийсэн. Хэдэн мянган барааг чинь татваргүй авья гээд аварга зах зээлүүд хаалгаа нээчихсэн. Эмээ, ээж нарын эсгий табчикыг эс тооцвол экспорт нойл.
Гуравдахь зах зээлд гарах манай бодлогыг дэмжиж Хятадууд Тъянжин Боомтод тун дажгүй том газар өгсөн. Эргэн тойронд нь дүүрэн конвер, битүү контейнер аварга байгууламжууд харин Монголын боомт гэж юу ч үгүй цулгуй газар л харагдах юм билээ.
Хятадын төмөр зам дамжин өнгөрөх тарифаа 40 хувь хөнгөлөх санамж манайхтай байгуулсан. Хятадаар ачаа бараагаа хөнгөлттэй тээвэрлэж Японруу татваргүй гаргах зам нээлттэй. Санамжийг гэрээ болгож албажуулах нь гадаад харилцаа, зам тээврийн яамны хийх ёстой ажил. Гэтэл энийг ажил хэрэг болгох алхам миний мэдэхээр 2014 оноос хойш хэн ч хийсэнгүй. “Танай дарга нар аягүй сонин. Ирэхээрээ л мөнгө гуйна, зээл өгөөч гэнэ. Зээлсэн мөнгөөр чинь тендер авья, концес байгуулья гэдэг. Ажил ярьдаг хүн байхгүй. Зүй ёсоор нь жаахан анхаарахад голдуу танай талд ашигтай хэлцэл, гэрээ, худалдааны сувгууд гээд өчнөөн боломжууд байна” гэж урд талын албаны хүн гайхан ярьж билээ.
ОХУ манайд экспортын асар өндөр татвар тавьсан бараг худалдааны хориг гээд шуугиад л байдаг. Гэтэл 1992 оноос хойш худалдааны дорвитой хэлэлцээр хийх ямар ч санал манайхаас гараагүй. “Та нар асуудлаа ярьвал, бид нар шийдэж болно шүү дээ. Та нар юу ч ярихгүй бол бид юу ярих юм” гэж элчингийнхэн ярьсан шүү. Дэмий л муулаад байхаас асуудлаа бариад ажил хэрэгч яриа хийдэг амьтан байдаггүй ээ.
Ши Жин Пин “танайд үйлдвэрлэсэн бүх барааг авьяа ганцхан стандартын дагуу л хийчих” гэж аль 2014 онд хэлсэн. Гэтэл стандартад хүрсэн бүтээгдэхүүн хийх байтугай ганц боомтоо стандартад хүргэж чаддаггүй ээ. Хятаын нийт аж үйлдвэрийн 80 хувь нь Европын стандартад хүрсэн. Цаашдаа салж унах гэж байгаа 69-өөр хил хооронд тээвэр хийлгээд байхгүй л болов уу. Маш товчхондоо Замын-Үүд, Эрээний проблем бол ердөө л стандартын зөрүү. Далайн 34, эх газрын 130 боомттой Хятад дэлхийн худалдааны эргэлтийг гацаачихгүй явуулаад л байна. Ганцхан Монголын боомт таг. Энд Хятадаас шалтгаалсан юм юу ч байхгүй. Авилга, шороон шуургандаа дарагдаж олон улсын стандартаас хол хоцорсон манай хил гаалийн систем, худалдааны тогтлоцооны үнэн нүүр царай л энэ. Монголоор дүүрэн стандарт ярьсан байцаагч нар, гэвч амьдрал дээр стандарт нойл.
Д.Медведив “танай улс таван жил шүлхийгүй байвал сибирийн хойд тойргийн командлалд хонины мах нийлүүлу болно” гэжээ. Сүүлдээ байгаад 3 жил болгож нөхцлөө хөнгөлөв. Хаа байсан Австралиас тэд хонио авдаг аж. Гэтэл шүлхийгүй жил гэж байсангүй. Эцэстээ вакцин шахах гэсэн Оросуудын хорлол гэх мэтээр хардах паранойдоо автаад дэмий л муулахаас бодит ажил хийдэг амьтан алга. Хавартаа ганц угаалга хийчихэд л мал аж ахуйн салбарт жуман асуудал шийдэгдэх гээд байдаг. Малчид дарга нар нь нийлж морь уяад завгүй.
Ерөөс манайд асуудлаа барьдаг, гүнрүү нь ордог боловсон хүчин улам цөөрсөөр. Юм шийдэх гэж амьтны ад болсны оронд өөрөөсөө түлхээд хойшлуулаад суух нь нийтлэг арга барил болчихлоо. Асуудал ярихаар улаанбаатарын хэдэн зочид буудалд бөөндөө цуглаж сүртэй хурал хийж цүнх, флаш тараана. Их сайндаа зөвлөмж нэртэй цаас тараана. Үр дүн нойл. Жил тойрон хурал, ой, найр, наадам тасрахгүй. 2022 онд бараг бүх аймаг, сум, байгууллага 100 жилийн ой тэмдэглэх юм билээ. Нэгэндээ бэлэглэх жааз шаазанд хэдэн тэрбумыг цацаж огьтол зусардах бол гэж бодохоор л “хүрэлзүрх” хайлнам.