Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчид жагсаал хийж, З.Мэндсайханыг Ж.Саулегаар солихыг шаардахаар бэлтгэж эхлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 2 секунд

Монголын хөдөө аж ахуйн салбар түүхэндээ байгаагүй хүнд нөхцөл байдалд ороод байна. Тийм учраас хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайханыг малчид хөдөө аж ахуйн түүхэнд байгаагүй муу сайд гэж ярих болжээ. Учир нь Монголын мал шүлхийнд “живж” байна. “Өдрийн сонин”-ны мэдээгээр “2021 онд 17 аймгийн 90 гаруй сумын 159 голомтод малын шүлхий өвчин бүртгэгдсэн” гэж мэдээлсэн. Оны сүүлд ч, шинэ он гараад ч малын шүлхий улам л газар авч байна. Үүнийг яг нарийн сайн ярих газар алга. Малчид л бухимдал дүүрэн өдөр хоногийг өнгөрүүлэх боллоо. Шүлхийний вакцин хайсан, хөдөө аж ахуйн яамыг, сайдыг нь муулсан малчид Монголын хөдөө нутгаар дүүрэн байна. Өмнө малын шүлхий гарч л байсан. Тэр бүрд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шуурхай арга хэмжээ авч, малыг устгалд оруулж, газар авахуулахгүй нам дарж, нөхөн төлбөр өгч, энэ талаараа ард иргэдэд тодорхой мэдээлэл өгч эргэлзээг арилгаж ирсэн. Энэ удаад тийм юм алга болжээ. Яагаад өмнөхөөсөө дордох болов.

Вакцины хойноос АТГ орсон уу

Хөдөөд ч, хотод ч шүлхийний вакцин хайсан хүмүүс. Мал эмнэлгээр шүлхийний вакцин байна уу гэж өдөрт хэдэн зуугаараа асууж байна гэнэ. Хөдөө аж ахуйн яамнаас малчид үүнийг л шаардаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол шүлхийний вакцин тун хомс байгаа аж. Зөвхөн шүлхийний голомттой газар л хийж байгаа гэх. Ойрхон голомт гарахаар л малчид вакцин хайгаад давхидаг аж. Гэсэн ч вакцин нь олддоггүй. Шүлхийнээс урьдчилан сэргийлэх гэсэн малчдын буруу огтхон ч биш. Нэг талаасаа вакцин хайгаад олдохоо байхаар өмнө байсан вакциныг хэн хаанахын малд хийсэн бэ гэдэг асуудал гарч иржээ. АТГ-ынхан үүнийг шалгаж эхэлсэн бололтой. Тэд хэн нэгэн дарга давуу байдал үүсгэж шүлхийний вакцинийг өөрсдийн малдаа хийлгэсэн үү гэдгийн араас орсон бололтой. Хөдөөгийн малчид сонгогдсон гишүүддээ шүлхийний вакцин олж өгөөч гэж өдөр шөнөгүй утасдах болжээ. Энэ хирээрээ хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн рейтинг унасаар байна.

З.Мэндсайхан гэгч Ж.Саулегаас муу ажиллаж байна

Малчид ингэж дүгнэж байна. Өмнө шүлхий гарлаа гэхэд л дэд сайд Ж.Сауле гэгч эмэгтэй ганцаараа удирдаад шуурхай арга хэмжээ авдаг байсан гэнэ. Гэтэл одоогийн ХХААХҮЯ “унтаж” байна. Ж.Сауле байсан бол ингэхгүй байсан гэж ярих малчид ч байна. Хаа байсан дэд сайд эмэгтэйгээс дор ажиллаж байна хэмээн дүгнүүлэн түүнийг хүсэмжлүүлэх болсон гэдэг бол “хэлэх үггүй болсон”-ы л нотолгоо юм даа. Бараг ийм үед Ж.Сауле нь ч З.Мэндсайхнаас илүү ажиллах байх. Үнэхээр одоогийн сайд ийм дүгнэлт хийлгүүлж байна гэдэг маш муу ажиллаж байгаагийн шинж л дээ. Чухам З.Мэндсайхан гэгч ямар шалгуураар ХХААХҮ-ийн сайд болсон бэ? гэдэг асуудал анхаарал татна. З.Мэндсайхан сайд хөдөө аж ахуйн сайд болоод юу хийсэн бэ? Монголын мал түүхэнд байгаагүй хэмжээнд шүлхийнд баригдав. Тариаланчид жагсана гэж зарлаж байна. Энэ бүхэн З.Мэндсайханыг хэрхэн ажиллаж байгаагийн хамгийн том нотолгоо биш гэж үү.

Малчид жагсаалд бэлдэж эхэлсэн үү

Тариаланчид хөдөө аж ахуйн сайдынхаа эсрэг жагсаал хийхээр болсон тухай мэдээлэл Сэлэнгэ, Төв аймаг дамжин яригдаж байна. Хэвлэлүүд ч мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд шүлхийний вакцин хайгаад олохоо байсан, мал нь шүлхийд баригдсан, малынх нь үнэ унаж орлого буурах нь тодорхой болсон малчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханыг огцруулахаар ярьж эхлэх болжээ. Тэд малын шүлхийний талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол З.Мэндсайханыг огцруулахаар орон даяар жагсаал хийж магадгүй байна. Хэрэв ийм өргөн хэмжээний малчдын жагсаал болбол Засгийн газрын нэр хүндэд л маш муу. Бас хөдөөнөөс сонгогдсон гишүүд тойрогтоо очих нэр хүндгүй болж байна. Удахгүй УИХ-ын гишүүд сайн малчны шагнал гардуулахаар хөдөөг зорино. Ингэж зорих “ширэн нүүртэй” гишүүд олон гарах болов уу. Тэд малчдын нөхцөл байдлаас айгаад бараг л явахгүй. Ковидоор шалтаг хийнэ. Очлоо гэхэд малчид баярлаж биш шүлхий ярьж л угтахаар болчихоод байна.

Хотынхон шүлхийтэй мах идэх үү

Дараагийн анхаарал татсан асуудал байна. Энэ бол шүлхий туссан олон малыг яагаад устгахгүй байна вэ. Өмнө устгадаг байсан одоо яагаад устгахаа байсан бэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар малыг устгахаар нөхөн төлбөр өгдөг. Маш олон мал туссан учраас устгахаар улс нөхөн төлбөрийг даахгүй “асуудал”—д орох гээд байгаа аж. Ингээд устгалд ороогүй малыг малчид эдгээгээд байгаа бололтой. Эдгээсэн малыг яах вэ? Нэг л өдөр нядлаад Улаанбаатар руу ачина даа. Хэн нэг нь худалдаж аваад зооглоно. Одоохондоо Улаанбаатар оруулахгүй гээд л байгаа. Үүнийг нарийн хянаж байгаа юу гэдэг асуудал ч анхаарал татаж байна. Ямар ч байсан Монголын олон аймаг шүлхийнд нэрвэгдсэнийг гадаад ертөнц харж л байгаа. Мэдээж Монголоос шүлхийтэй мал авахыг хүсэхгүй. Малчдын сүүлийн жилүүдэд овоо өсөж байсан малын мах үнээ алдана. Үүний буруутан бас л одоогийн ХХААХҮЯ-ны удирдлага болно. Эрх баригчид энэ асуудлаа ярихгүй бол малчид, тариаланчид өөрсдөө ярихаар бэлтгэж эхэлсэн гэж хөдөө нутгийнхан ярих боллоо.

Б.Баяр

Ц.Билэгтсайхан: Сар шинийн баяр халдварын тархалтын эрсдлийг нэмэгдүүлнэ
Ц.Билэгтсайхан: Сар шинийн баяр халдварын тархалтын эрсдлийг нэмэгдүүлнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.