Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Сар шинийн баяр халдварын тархалтын эрсдлийг нэмэгдүүлнэ

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
12 минут 54 секунд

​ Өнөөдрийн байдлаар манай улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодод таван тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ-аас омикрон хувилбарын тархалттай холбогдуулан улс орнуудыг хариу арга хэмжээ болон эрүүл мэндийн салбарын бэлтгэлээ хангах чиглэлийг өгч байсан. Тэгвэл цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхантай ярилцлаа.

-ДЭМБ омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор дэлхийн улс орнуудад бэлтгэлээ хангах чиглэлийг өгсөөр байсан. Манай улсын хувьд хариу арга хэмжээний хувьд ямар бэлтгэл ажлуудыг хангаж байна вэ?

-Омикрон хувилбарыг 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ анхаарал татаж буй аюултай хувилбарт бүртгэсэн. Бүртгэн авсны маргаашнаас нь эхэлж Засгийн газар, УОК, ЭМЯ-ны шуурхай удирдлагын багууд хуралдаж энэхүү шинэ хувилбарын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний шийдвэрүүдийг гаргасан. Ингэхдээ олон улсын удирдамжуудыг үндэслэл болгон шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. ДЭМБ долоо хоног бүр тойм мэдээллүүдийг гаргаж, зөвлөмжүүдийг хүргүүлдэг. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв болон бусад харилцаа холбоотой улсуудын төвүүдээс бидэнд зөвлөмжөө ирүүлдэг.

ХӨСҮТ өөрөө олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч байгууллага. Тус дүрмийн дагуу бусад олон улс орнуудтай мэдээлэл солилцож, хариу арга хэмжээг авдаг гэсэн үг. Одоогийн нөхцөлд ДЭМБ-аас өгч буй зөвлөгөө бол өмнөх мутаци хувилбарын үед бидний авч хэрэгжүүлж байсан хариу арга хэмжээний зөвлөмжөөс тийм ч их ялгаатай биш. Омикрон хувилбарын үед онцлог, өвөрмөц зөвлөмж байхгүй гэсэн үг.

Салбар хоорондын эрсдлийн үнэлгээг хийж, нэгдсэн төлөвлөгөөг шинэчилсэн. Өнгөрөгч долоо хоногт УОК-ын дэргэдэх шуурхай штаб дээр бүх салбар нэгжүүд цугларч, нэгдсэн төлөвлөгөөгөө дахин шинэчилсэн. Тархалтын түвшнээс хамаарч ААН, байгууллага хувь хүн ямар арга хэмжээ авах цаашилбал эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хэрхэн хангах зэргийг тодорхойлсон.

-Сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунг хийж эхэлсэн. Гэхдээ олон нийтийн дунд вакцинаас вакцин хооронд байсаар байх уу гэх эргэлзээ түүнийг дагасан болгоомжлол ч бий болж байна. Ер нь вакцины дараа тогтож буй дархлаа хэдий хугацаанд хадгалагдаж байна вэ?

-ХӨСҮТ, ЭМЯ, Шинжлэх ухааныг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр энэ төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Дархлаажуулалтын дараах эсрэг биетийн түвшин ямар хэмжээнд байгааг тогтмол судалдаг. Өмнөх судалгаанаас харахад бүрэн тун авсны дараа нэг сарын хугацаанд эсрэг биеийн титр оргил хэмжээнд хүрдэг болохыг тогтоосон. 2-3 сарын дараагаар буурч эхэлсэн. Гэхдээ эсрэг биеийн титр хувь хүн болгоноос хамаараад өөр өөр.

Өмнөх судалгаагаар, "Файзер" болон "Спутник" вакцинуудын дараах эсрэг биеийн түвшин өндөр гарч байсан. Ингэхдээ 4-6 сарын дараа буурч буй үзүүлэлт харагдсан. Энэ үндэслэлээр наймдугаар сарын 16-наас эхлэн бүүстер тунг хийж эхэлсэн. Гуравдугаар тунг хийж эхэлсний дараагаар эсрэг биеийн түвшин тогтоох судалгааг дахин хийсэн.

Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагын "Астразенека" вакцины хоёр тунтай хүмүүст бүүстер тун хийхээс өмнө эсрэг биеийг нь тодорхойлоход 30 AU миллитр хүрч дархлаа буурсан байсан. Харин бүүстер тун хийсний дараа 500 болж өссөн. Өнөөдрийг хүртэлх хугацаа буюу бүүстер тун хийснээс дөрвөн сарын дараа эсрэг биеийн түвшин үзэхэд 67-70 AU миллитр орчим байгаа юм. Хэдийгээр буурсан үзүүлэлт боловч дархлаа өрнүүлэх хэмжээнд байгаа гэсэн үг. Гэхдээ хувь хүнээсээ шалтгаалаад өөр өөр. Олон нийтэд хийсэн "Вероцелл" вакцины хувьд мөн л тун хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа буурсан үр дүн харагдаж байгаа юм. Эдгээр бүхий л талын нотолгоо, судалгаанд эрүүл мэндийн бодлогын тушаал шийдвэрүүд үндэслэгдэж гардаг гэсэн үг. Тэгэхээр дархлаа тогтох хугацаа 3-4 аль эсвэл 4-6 сарын хэлбэлзэлтэй байгааг судалгаануудаас харж болно. Вакцины дараах дархлаа ч, халдварын дараах эсрэг биеийн титр буурдаг юм байна. Иймээс бид дөрөвдэх тунгийн асуудлыг ярьж эхэлсэн хэрэг юм. Омикрон хувилбар нь альфа, болон дельтагаар өвдсөн хүн дахин өвдөх эрсдэлтэй. Тиймээс дахин халдвар авах эрсдэлтэй учраас бид дархлаагаа бэлдэх шаардлага гарч байна гэсэн үг.

-Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Үүний шалтгааныг та бүхэн юу гэж харж байна. Магадгүй шинэ жилийн арга хэмжээг өргөн тэмдэглэсэнтэй холбоотой байв уу?

-Шинэ жил, олон нийтийн арга хэмжээ нь халдварт өвчний тархалтад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйлийн нэг байдаг. Тиймээс халдварт өвчний эсрэг авч буй хариу арга хэмжээний хамгийн эхэнд олон нийтэд чиглэсэн арга хэмжээ буюу олноор бөөгнөрөхгүй байх, зай барих, амны хаалт зүүх. Оны өмнө шинэ жилээс гадна маш олон баяр, ёслолууд давхацсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинэ жилийн баяр тэмдэглээгүй учраас баяр ёслолоо хийх сонирхол ч олон нийтэд их байлаа. Гэхдээ төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглээгүй. Гэвч олон нийтийн дунд шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх хязгаарлалтыг тавиагүй. Үүнээс харахад шинэ жилийн баяр шууд утгаараа нөлөөлсөн.

-Оны өмнө та мэдээлэл хийхдээ бид дельта давлагааны ард гарлаа гэх зүйлийг ярьж байсан. Тэгвэл одоогийн нөхцөлд эерэг илэрч буй шинжилгээний хэдэн хувьд нь дельта хувилбар илэрч байна вэ?

-Зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг ямар хувилбар вэ гэдэгт шинжилгээ хийдэг. Түүнчлэн 21 аймаг, 9 дүүргээс харуулдан тандалтын нэгжүүдээс сорьцоо цуглуулдаг. Ирсэн сорьцуудаас түүвэрлэн ямар хувилбараар үүсгэгдсэн вирус вэ гэдгийг тодорхойлох шинжилгээг хийдэг гэсэн үг. Тэгэхээр оноос өмнө дандаа дельта хувилбарын тохиолдол бүртгэгдэж байсан.

Он гарсаар нэгдүгээр сарын 3-нд шинжилгээ хийхэд альфа, дельта хувилбар болон S генийн дроп аут алдалттай тохиолдол илэрсэн. Ялангуяа зарим сорьцуудад альфа болон S генийн дроп ауттай шинжүүд тодорхойлогдсон байгаа юм. Тэгэхээр тухайн сорьцуудыг цаашид NGS лабораторид оруулж, эцсийн хариуг харах шаардлага үүссэн.

-NGS лабораторын талаар та мэдээлэл өгөхгүй юу. Хувилбарын тандалтыг хийхэд багадаа 10-14 хоног шаардлагатай гэж та өмнө мэдээлж байсан?

-ХӨСҮТ-д ДЭМБ, Австралийн сангийн санхүүжилтээр NGS суурилуулсан. Энэхүү NGS лабораторийг өнгөрсөн оны арван нэгдүгээр сард суурилуулж, арван хоёрдугаар сараас эхлэн туршилтын тандалтын шинжилгээнүүдийг хийж эхэлсэн. NGS лаборатори нь тухайн нуклейн хүчлийг ялгаж, түүнийгээ тасалсны дараа тодорхой зүймэл бодисуудтай холбож, генийн дарааллыг уншдаг. Лабораторийн маш олон шатууд бий гэсэн үг. Зарим тохиолдолд эдгээр үе шатын явцад амжилтгүй болох үе гарна. Амжилтгүй болох шалтгаан нь сорьцод ирж буй вирусийн концентрац, титр, тоо нь хүрэлцэхгүй тохиолдолд уншигдахгүй байх тохиолдол гардаг. Зарим тохиолдолд сорьцны чанар чухал байдаг гэсэн үг. Энэ мэтчилэн маш олон хүчин зүйлс шинжилгээнд зарцуулах цаг хугацаанд нөлөөлдөг.

Мөн лабораторийн нөхцөлд хүний хүчин зүйл ч бий. Шинжилгээний үр дүн амжилттай гарсны дараагаар олон мянган ген, хэрчмүүдийг өөр хооронд нь оёж нийлүүлдэг. Энэ дотроо олон улсад мэдээлэгдээд байгаа 30 төрлийн мутацийг илрүүлнэ гэсэн үг. Энэ нь угсрах, илрүүлэх, олон улсын мэдээллийн сантай харьцуулах шаардлагатай болдог.

Түүнчлэн манайд суурилуулсан лаборатори нь одоохондоо шинээр суурилуулсан учраас заавал олон улсад сорьцуудаа явуулж байж баталгаажуулах хэрэгтэй болдог. Энэ мэт олон шат дараалал байдаг тул цаг их ордог юм.

-Япон улс руу одоогийн байдлаар хэчнээн сорьц явуулаад байгаа вэ?

-Одоогийн байдлаар Япон улс руу 100 гаруй сорьц явуулсан. Үүнд өмнөх оны 10-12 дугаар саруудад хийгдсэн шинжилгээ болон гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудаас явуулсан.

-Удахгүй уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. УОК-оос хөл хорио тогтоохгүй байх бодлого барьж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ эргээгээд хөл хорио тогтоохгүй гэж байгаа нь өөрөө хэр зөв бодлого вэ?

-Цагаан сар эрсдлийг нэмэгдүүлэх үү гэвэл нэмэгдүүлнэ. Гэхдээ уламжлалт баяр ёслолоо хоёр жил тэмдэглээгүй учраас төрийн золголтыг цуцалснаас ард иргэдийн золголтыг хориогүй болохыг УОК-оос мэдэгдсэн.

-Одоогийн нөхцөл улсын эмнэлгүүд ковидын тусламжаа буулгаж үндсэн тусламж үйлчилгээгээ явуулж байгаа. Тэгвэл омикрон хувилбарын тархалт нэмэгдвэл улсын эмнэлгүүдийг эргүүлэн дайчлах асуудал яригдах уу?

-Энэ зохицуулалт нь тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Өмнөх дельта давлагааны үед ор зохицуулах баг ажилласан. 21 аймаг, 9 дүүрэгт ковидын ор дэлгэсэн. Магадгүй нөхцөл байдал хүндэрч, тохиолдлын тоо ихэсвэл энэ шатлал руу шилжихийг үгүйсгэхгүй.

-Омикрон хувилбартай холбоотой тооцоо, судалгааг хийж байгаа юу?

-Урьдчилсан таамаглал, судалгааг тогтмол хийдэг. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийг баг ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба энэ чиглэлээр тооцоо, судалгааг хийж ажиллаж байгаа. Омикрон хувилбарын халдварлалтын индекс маш өндөр. Гэхдээ сүүлийн үеийн мэдээллийг харахад эмнэлзүйн хүндрэлийн индекс дельтатай харьцуулахад бага. Халдварлалтын индекс өндөр байна гэдэг нь маш богино хугацаанд халдварлах чадвартай гэсэн үг. Даруй дельтатай харьцуулахад 1.5-2 дахин өндөр байна гэх урьдчилсан тооцоо байгаа.

-Манай улсын хувьд 12-17 насны хүүхдүүдээ бүрэн тунд хамруулсан. Бүүстер тунг хийгээгүй. Та сая олон улсад энэ насны хүүхдүүдийг гурав дахь тунд хамруулах зөвлөмж гарсан гэж мэдээллээ. Энэ талаар?

-АНУ-ын FTA 12-17 насны хүүхдүүдэд бүүстер тунг хийж болно гэдгийг зарласан. Манай улс энэ төрлийн судалгаануудыг хийгдэж байгаа. Хийж буй судалгаануудад үндэслэн шат дараалсан шийдвэр гаргана гэсэн үг.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс ковидын үеийн хариу арга хэмжээний менежментийг хэр зөв авч хэрэгжүүлсэн гэж та харж байна вэ?

-Манай улсын хувьд цаг үе, дотоодын нөхцөл байдалдаа тохирсон басхүү урьдчилсан сэргийлсэн мэдрэг хариу арга хэмжээг авсан юм байна хэмээн дүгнэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. ​

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.