УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа. Нэг асуудал байгаа нь санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. 2022, 2023 оны төсөвт уяхаас гадна гадаадын зээлээр маш их хэмжээний санхүүжилт шаардлагатай" гэж асуулаа.
Сангийн сайд Б.Жавхлан "Энэхүү тогтоолын төсөл таван хавсралттай байгаа. Үүний гуравдугаар хавсралтад Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд үүнийг дэмжих 20 төсөл, арга хэмжээ бий. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 87 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийт 100-120 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ их хөрөнгийн төсөв дангаараа дийлэхгүй. Тиймээс төр болон хувийн хэвшил, гадаад дотоодын идэвхтэй хамтын ажиллагаанд суурилж явуулна. Төр засуулын үүргийг гүйцэтгэж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг дэлхийн дэвжээнд барилдахад дэмжиж ажиллана" гэв.