АНУ-ын Пенсильвани мужийн Куакертаун хотод нэгэн айлын гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гал байшинг бүхэлд нь шатаажээ. Золгүй явдал болж тухайн гэр бүлийн аав бага насны хоёр хүүтэйгээ нас барсан байна.
"Зул сарын баярын өдөр нэгэн гэр бүл аавыгаа болон бага сургуулийн хоёр сурагчаа алдсан эмгэнэлт мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа тэвчихийн аргагүй харамсаж байна" гэж Куакертаун хотын олон нийтийн сургуулийнхан мэдээлжээ.
Гацуур мод байшингийн нэг давхарт байсан бөгөөд гал асаж эхлэхэд буюу шөнө дундын үед гэр бүлийн гишүүд хоёр давхарын тус тусын өрөөнд унтаж байсан аж. Гал сөнөөгчид галын дуудлагын дагуу яаралтай очсон ч гал хэтэрхий хүчтэй байсан тул байшинд нэвтэрч чадалгүй багагүй хугацааг алджээ. Гал сөнөөгчдийн мэдээлж буйгаар гэр бүлийн хоёр бага хүү болон аав нь газар дээрээ нас барсан бол том хүү ээжийнхээ хамт түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалж: CNN