БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дөрвөн эмэгтэй сурагч нийлж, зодсон ноцтой хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос БНСУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичгийн хариуг БНСУ-ын ХЭҮК-оос өгсөн байна.
Ингэхдээ “БНСУ-д амьдардаг 13 настай Монгол охиныг дээд ангийн сурагчид нь дээрэлхсэн хэрэг гарсан тухайд гүн харамсалаа илэрхийлж байна. Улс орон, нийгэм бүрт хүүхэд бүр бүх төрлийн хүчирхийллээс ангид байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ямар ч нөхцөлд хүүхдийн эрх ашгийн үүднээс эрхийг нь хамгаалах ёстой байдаг. БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажилласан болно. Түүнчлэн, хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хохирогчийг юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг Комисс шалгасан.
Мөн анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шийдвэрийг 2021 оны 12-р сарын 16-ны өдөр гаргасан. БНСУ-ын ХЭҮК нь гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагааг хийж дуусмагц, гаргасан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх болно” гэжээ.
БНСУ-ын ХЭҮК-ын даргын хувьд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран, зөвхөн нийтлэг хүний эрхийг хамгаалах төдийгүй тус тусын нутагт оршин суугаа Солонгос- Монгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.