Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Автобусны цонх цантаж, буудал зарлагч ажиллахгүй байгаад иргэд бухимдалтай байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 2 секунд

Эрх баригч намын зүгээс 2016 оны сонгуулиар “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байдаг. Энэ мөрийн хөтөлбөрийг 92.8 хувьтай биелсэн гэж дүгнэж байсан ч удаатай. Гэвч Улаанбаатар хот яг хачир дээрээ аз жаргалтай хот байж чадаж байна уу.

Өнөөдөр та бүхэн аз жаргалтай, баяр хөөр инээд дүүрэн, их хотын гудамжаар алхаж, зорчиж чадаж байна уу гэсэн асуултыг эхлээд тавья.

Гэтэл аз жаргалтай иргэддээ ээлтэй Улаанбаатар хот болж чадсан эсэх нь бас л эргэлзээтэй. Энгийн нэг жишээ дурдъя.

Манай улсын нийтийн тээврийн үйлчилгээг “Нойл” гэж хэлэхэд хилсдэхгүй. Наад захын жишээ, Таван шараас, Мөнгөн завьяа хүртэл ач нараа харахаар гэрээсээ гарсан Д.Пүрэвдулам эмээгийн хувьд автобусны буудлаа анзаараагүй, аль эсвэл сайн мэдэхгүйн улмаас хоёр буудал хэтрээд буучихсан гэнэ. Энэ нь автобусны буудлаа зарладаг үйзэл зарим автобусанд ажиллахгүй байгаатай холбоотой аж. Энэ талаараа Пүрэвдулам эмээ ийнхүү хуучлав.

“Уул нь зогсох газраа зарлаад л явдаг юм. Одоо тэгэхээ больчихсон юм уу даа. Аль эсвэл зарладаг автобус ховор болчихсон байж магадгүй. Эсвэл энэ автобусных л ганцхан ажиллахгүй байж ч мэднэ. Хөдөөнөөс ирсэн хүмүүст бас хүндрэлтэй байх шиг байдаг юм билээ. Цонх цантсанаас болоод эмээ нь анзаарсангүй. Хэн нэгнийг буруутгаад яах вэ. Миний хүү ч бас анзааргатай явж байгаарай” хэмээсэн юм.

Ингээд бид бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгаа талаар сонирхохоор хотын төв орчмоос гурван автобус дамнаж суухад бидний суусан автобуснуудын нэг нь буудлаа зарлаж, нэг нь үйзлээр зарлахгүй зөвхөн урсгаж, нөгөө нэг нь “таг дүлий” хүн шиг байсан юм.

Үйзлээр буудлаа зарласнаар нэгдүгээрт, хөдөө орон нутгаас ирсэн иргэд, өндөр настай хүмүүс зорчиход дөхөм болно. Хоёрдугаарт хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд ч хүртээлтэй, зорчиход илүү хүндрэл багатай баймаар...

Гэтэл өнөөдөр зах зухаас нь суусан гуравхан автобусны хоёрынх нь үйзэл ажилласангүй. Яагаад буудал зарлагчаа ажиллуулахгүй байгаа талаар автобусны жолоочоос асуухад “Одоохондоо ажиллахгүй байгаа юм аа. Техникийн доголдол гарчихаад байгаа. Удахгүй зарладаг болгоно оо” хэмээсэн юм. /Тус автобусны жолоочийн хувьд зургаа даруулж, овог нэрээ хэлэхээс татгалзсан бөгөөд ийм асуудал гарч буйг удирдлага нь мэдвэл банга хүртэнэ гэдгээ хэллээ”

Харин нөгөө “таг дүлий” мэт автобусны жолоочийн хувьд “Чамд тайлбарлах албагүй” гэдэг тайлбарыг өгсөн билээ. Эндээс харахад зарим автобусны жолоочид харьцаа, хандлага дээрээ ч бас жаахан анхаармаар...

Автобус буудлаа зарлахгүй явах нь зөвхөн хөдөө орон нутгаас орж ирсэн иргэд, өвгөд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна залууст ч бас хүндрэл учирдаг гэдгийг хэлж байна.

Оюутан н.Батбаярын хувьд “Зарладаггүй автобусууд ихэнхдээ хэцүү байдаг. Чихцэлдээд явж байхад цонх руугаа харах боломж байдаггүй. Тиймээс сонсох нь илүү дээр. Буух буудлаа анзааралгүй өнгөрсөн тохиолдол нэг бус удаа болж Бууя аа, бууя ах аа” гэж чанга орилж байсан талаараа ярьлаа.

И.Ижилбаярын хувьд орон нутгаас оюутан болж орж ирсэн бөгөөд төөрчих гээд хэцүү байсан хэдий ч одоо гайгүй болж байгаа. Гэхдээ цонх нь цантчихсан автобусанд буудлынхаа тоогоор хуруугаа дараад явдаг” хэмээн ярьсан юм.

Яг энэ асуудал тулгамдаж байгаа маш олон иргэд бидэнд яриа өгсөн юм. Буудлаа зөв олж, бууж, суух нь хувь хүний өөрийн асуудал хэдий ч иргэддээ ээлтэй, аз жаргалтай Улаанбаатар хотын хувьд энэ мэт энгийн асуудлыг ч шийдчихсэн байх хэрэгтэй гэдгийг л тэд хэлж байна.

Харин албаны эх сурвалж юу гэв?

Нийтийн тээвэрт явж буй автобусны буудал зарладаг төхөөрөмж яагаад ажиллахгүй байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын, Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны, олон нийт хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайханаас асууж тодрууллаа.

-Нийтийн тээвэр буудал зарлагчаа ажиллуулахгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Та энэ асуудалд тайлбар өгнө үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 19 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс 17 нь хувийн ААН, хоёр нь төрийн өмчит ААН байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад аюулгүй байдал, үйлчилгээ, дулаан алдагдал гэх мэт асуудалд хяналт шалгалт хийсэн. Аюулгүй байдал талаасаа оношилгоондоо орсон байна уу, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдал, цэвэрлэгээ үйлчилгээний ажил хэр байгаа талаар шалгалтууд хийдэг. Энэ хүрээнд зөвлөмж мэдээ мэдээллийг хүргэсэн байгаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд санал гомдолтой бол хаана хандах вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний 70044040 утас иргэдэд мэдээлэл өгнө. Мөн санал хүсэлт хүлээн авч байна. Бас 18001200 утсанд иргэдийн гомдол хүсэлтийг авч, хяналтын байцаагч нар нь шалгалтын ажил хийдэг.

-Зарим автабусны буудал зарлагч ажиллахгүй байна. Ямар арга хэмжээ авах вэ?

-Нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй байдаг. Өдөр тутамдаа 970-980 автобус үйлчилгээнд явж байгаа. Мэдээж бага сага асуудалтай автобусууд байгаа. Холбогдох арга хэмжээг аваад л явж байгаа гэж ойлгож болно.

-Жолооч нар нь салгачихдаг юм болов уу. Аль эсвэл олонх нь эвдэрчихсэн байдаг юм уу?

-Тухайн аж ахуйн нэгжүүд бүрэн бүтэн байдлаа хангах ёстой. Манайх хяналт шалгалтаа л хийнэ. Техник юм чинь зарим нэг нь эвдрэл гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй.

Нээлттэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Энэ удаад жижигхэн юм шиг хирнээ иргэдэд нэн тулгамдаж байгаа асуудлыг хөндлөө. Мэдээж бүх нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийг буруутгах гэсэнгүй. Жижиг асуудал хэмээн үл хайхарч байгаа ААН жолооч нар энэ асуудлаа засаж сайжруулах тал дээрээ анхаарах цаг нь болжээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Автобус хаана явж байгааг харж болох үнэгүй аппликейшнууд

1. UB BUS:

2015 оноос эхлэн UB Bus хэмээх аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн. Зорчигч та энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. Мөн UB Bus аппликэйшн дээр "Автобус хөтөч" нэмэгдсэн. Та автобусанд суугаад "Автобус хөтөч"-ийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулах ба таны утасны чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

2. UB SMART BUS:

Харин 2016 онд UB Smart компаниас UB Smart Bus хэмээх аппликейшнийг нэвтрүүлсэн юм. Уг аппликейшныг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харах боломжтой. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг ч харж болохоороо онцлогтой юм.

3. Auto BUS:

Энэ аппликэйшны хамгийн гол давуу тал нь танд offline орчинд буюу таны утсанд ямар ч интернет холболт байхгүй байсан ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар чухал мэдээллүүдийг өөрийн гар утаснаас газрын зурагтайгаар харах боломж олгож байгаа явдал юм. Та аппликейшныг хэрэглэж байх үедээ өөрийн одоо байгаа байрлалыг газрын зураг дээр харахын тулд утасныхаа GPS (байрлал тогтоогч)-ээ асаалттай байлгахаа битгий мартаарай. Мөн интернет холболт нь таны байрлалыг илүү нарийвчлалтай тогтооход хэрэгтэй байдгийг санаарай.

4. Smart UB:

Smart UB - Ухаалаг Улаанбаатар аппликейшн нь нийслэл Улаанбаатар хотын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг танд хүргэх болно. Жишээлбэл:

-Цаг үеийн мэдээ мэдээлэл. Интернэтэд холбогдсон үедээ нээж уншсан мэдээг дараа интернэтгүй орчинд унших бүрэн боломжтой.

-Нийслэлээс гарсан бүхий л захирамж тогтоолууд.

-Олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл.

-Нийслэлийн нийтийн тээврийн бүх чиглэлийн мэдээллийг агуулсан бий. Танд хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгоно.

-Авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой.

5. УБ Хөтөч:

УБ хөтөч програмыг ашигласанаар та Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг албан байгууллагуудын товч мэдээллийг авахаас гадна тухайн байгууллагын хаяг байршлыг газрын зураг дээрээс харах боломжтой. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусын чиглэл болон маршрутыг харах, дүүрэг болон хороодын газар нутгыг харах зэрэг олон давуу талтай.

Дээрхи аппликейшнүүдийг ухаалаг гар утас хэрэглэгчид 2 үйлдлийн систем бүхий гар утасны програм татаж авдаг хэсгээс /PlayStore, AppStore/ нэрээр нь хайж, татан, үнэгүй суулгах боломжтой юм.

Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ний Их Эе хурлыг хууль бус хэмээн шүүхэд өгчээ
Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ний Их Эе хурлыг хууль бус хэмээн шүүхэд өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.