Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дэд Ерөнхийлөгч Этторэ Росато, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Марко Ди Маёо,Никола Карэ болон тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нартай өнөөдөр Чин Ван Ханддоржийн өргөөнд уулзлаа.
Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад айлчилж байгаа төлөөлөгчдөд амжилт хүсээд, 2020 онд болж өнгөрсөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаа бэхжиж, харилцан туршлага солилцож эхэлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, өнгөрсөн жил тус улсын алдарт Ла скала театрын болон Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчид харилцан туршлага солилцсон нь үр дүнтэй байсан тул Ла скала академийн болон Ж.Вердийн нэрэмжит хөгжмийн сургуулиудад урт, богино хэмжээний сургалтад Монголын дүрслэх урлаг, хөгжим, дуурь, балетын салбарын уран бүтээлчдийг хамруулах зэргээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд Монгол Улсын кино, дүрслэх урлаг, хөгжим, дуурь, балетын салбарын уран бүтээлчдийг харилцан туршлага солилцохыг дэмжиж, Итали Улсад сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх, хоёр улсын хооронд хамтарсан кино уран бүтээл хийх хэлэлцээр байгуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд Итали Улсын туршлагыг судлах, хоёр улсад зохион байгуулагдах экспо, үзэсгэлэн, арга хэмжээнд харилцан өргөнөөр оролцох боломжийг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов.