Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн харуул хамгаалалтын албаны ажилчид иргэд рүү хийн буугаар буудсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хууль бус гар аргаар алт олборлодог иргэд алтны уурхай руу дайраад байна гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу очиж шалгасан. Тус уурхайн харуул хамгаалалтын ажилтан хийн гар буугаар буудсан байж болзошгүй хэргийг Төв аймгийн Заамар суманд дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэв.
Эргэн сануулахад, "Бүрдэл майнинг" компани нь өмнө "Эко алтан заамар" нэртэйгээр үйл ажиллагааг явуулж байсан. Тодруулбал, тус компани нь 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн "Бүрдэл Майнинг" ХХК болгон өөрчилсөн байдаг. Ингэхдээ “Эко Алтан Заамар” компанийн уурхайн "Уул-II" талбайд дөрвөн хүн нурангад даруулж, амиа алдсан хэрэг гарч байсан юм.