Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Түгжрэлээс үүдэж, автобусууд хугацаандаа ирэхгүй ИРГЭД хэдэн цагаар автобус хүлээж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 54 секунд

Нийслэлчүүдийн хувьд 30 жилийн турш толгойны өвчин болсон асуудал бол нийтийн тээврийн үйлчилгээ билээ. "Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг хангасан бүтээн байгуулалтад зориулсан мөнгө" гэх нэрийн дор тодорхой хэмжээний мөнгийг жил бүр улсын төсөвт суулгадаг ч өнөөдрийг хүртэл автобусууд нь хүйтэн, хүрэлцээгүй хэвээр байна. Өглөө ажил цуглах, орой ажил тарах цагаар автобусны буудлуудаар дүүрэн хүн ирсэн автобусандаа багтахгүй, дараагийн автобусыг хэдэн цагаар хүлээх дүр зураг өнөөдөр ч хэвээр байна.

Автобусны буудал дээр автобус хүлээх хүмүүсийн цуваа үргэлжилсээр, гадаа хүйтэн болсныг ч хэлэх үү даарч яарсан хүмүүс хий дэмий л утсаа гаргаж ирэн автобус хаана явж байгааг дахин дахин харна.

Иргэд: "Хамгийн багадаа 15-20 минут автобус хүлээж байж суудаг. Маш удаан хүлээсний эцэст ганц л автобус ирнэ. Өнөөхдөө багтахгүй заримдаа үлддэг. Бас замын түгжрэл их байгаагаас болоод 2-3 цагийн өмнө гарч байж ажил, сургуульдаа ирдэг. Ихэнх цагаа түгжрэл дунд өнгөрөөж байна" гэдгийг хэлж байсан юм.

"Өглөө, орой ажилдаа очихдоо өдрийн 3-4 цагийг автобусанд өнгөрүүлж байна. Удаан хүлээсний эцэст ирсэн автобусанд нь багтахгүй арай гэж зай завсаргүй автобусанд чихэлдэж ороод түгжрэл дунд таг зогсчихно. Яаралтай ямар нэг арга хэмжээ авахгүй бол зам дээр өдрийн бүх цагаа өнгөрөөж байна. Яаж ч эрт гарсан хичээлээсээ хоцорчих гээд байдаг" гэв.

Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: “Ирэх оны төсөвт 200 гаруй автобус авах саналыг оруулсан. Арванхоёрдугаар сарын 5-наас өмнө иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ороод, төсвөөр хэлэлцэгдэнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1200 орчим автобус байгаагаас 900 гаруй нь үйлчилгээнд явдаг. Үүнээс 532 автобусны ашиглалтын хугацаа нь энэ онд дуусаж байгаа. Парк шинэчлэлтийн ажлыг хангалттай хэмжээнд хийж чадаагүй учраас эдгээр автобусны ашиглалтын хугацааг нэг жилээр сунгахаар болсон. Ашиглалтын хугацаа нь дууссан 532 автобусны 260 нь зорчигч тээврийн нэгтгэл буюу орон нутгийн өмчийн харьяалалтай. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвөөс парк шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн үг. Одоогийн байдлаар хөгжлийн банкны зээлээр 46 автобус авах ёстойгоос 30 автобус нь орж ирсэн. Үлдсэн 10 гаруй нь хоёр давхар автобус байх юм. Нийтийн тээврийн ашиг орлого 30-40 хувиар буурсанаас үүдэн эргэн төлөлт хийгдээгүй. Тиймээс Хөгжлийн банкнаас авах 10 гаруй автобусны санхүүжилтыг түр зогсоосон байгаа. Ирэх оны төсөвт эргэн төлөлтийн мөнгийг суулгасны дараа санхүүжилт олгоно гэсэн шаардлагыг Хөгжлийн банкнаас тавьсан. Мөн 60 автобус худалдаж авах тендер зарлагдаад шалгарчихсан. Энэ оны сүүлчээр эсвэл ирэх оны эхний улиралд багтан 60 автобус орж ирэх болно. Ийнхүү нийтдээ 100 гаруй автобусны асуудал шийдэгдэж байгаа юм” гэлээ.

Нийтийн тээврийн хүртээмжийг, нөхцлийг сайжруулах хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний газраас ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар Нийтийн тээврийн үйлчилгээний мэргэжилтэн А.Оргилсайханаас тодруулав.

-Сайн байна уу. Нийтийн тээврийн хүртээмж, ирэх давтамжаас үүдэн иргэд удаан хугацаагаар автобус хүлээх, багтахгүй байх зэрэг асуудал үүсч байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Үүнтэй холбоотой ажлуудыг зохион байгуулаад явж байна. Ерөнхийдөө 7,8 дугаар сартай харьцуулахад зорчигчийн урсгал маш ихээр нэмэгдсэн. Авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд нийтийн тээврийн уртасгасан чиглэлийг дөрвөн чиглэлд явуулж эхэлсэн. Энэ нь өглөө 06.30 цагаас орой 12.30 хооронд хамгийн их ачаалал авдаг дөрвөн чиглэлд автобус явж эхэлсэн. Мөн саяхнаас “дундын их авалт” гэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байгаа. Иргэдийн хамгийн их ачаалал авдаг байршлуудад өглөө болон оройдоо дундын их авалт хийх юм. Энэ нь тухайн автобусны буудал дээр ачаалал ихээр үүссэн тохиолдолд дундаас нь автобус орж тухайн чиглэл бүрт нэмэлтээр тээвэрлэлт хийгээд явж байна.

-Нийтийн тээврийн оргил ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нийслэл хотын төвлөрөл нь өглөө болон оройдоо хамгийн их байдаг. Өглөөдөө захаасаа төв рүүгээ чиглэх ачаалал ихэсдэг. Харин орой төвөөсөө зах руугаа их ачаалал авдаг онцлогтой. Яг энэ ачаалал авч буй цаг болон цэгүүдээр “дундын их авалт”-ыг зохион байгуулж байна. Нийтийн тээвэр үйлчилгээний газрын төлөвлөлтөөр автобус хоорондын зайг 5-8 минутын давтамжтайгаар төлөвлөдөг. Хэрэв энэ төлөвлөлтийн дагуу автобус явбал ямар нэг хүлээлт үүсэхгүй байх боломжтой. Гэтэл энэ төлөвлөлт биелэх нөхцөл бололцоо бүрдэхгүй байна. Үүнийг автозамын түгжрэлтэй холбож ойлгож болно. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан авто тээврийн осол ихсэж түгжрэл үүсэх бас нэг шалтгаан болж байна.

-Нийслэлд хэчнээн автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Одоогоор нийслэлд 97 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэн өдөр тутамд явж байна. Хотын хүн ам жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Ингэхдээ хэтэрхий төвлөрсөн байдлаар нэмэгдэж байна. Өдрийн цагаар автобус төлөвлөгөөт цагтаа очдог. Гэтэл өглөө, орой тодорхой цагуудад хэт ачаалал авч байгаа нь холбогдох байгууллагуудын бодлого зохицуулалт нөлөөлж байгаа.

-Парк шинэчлэлийг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ?

-Парк шинэчлэлийг 2021 оны долоо дугаар сард 36 эко автобусаар нөхөн хангалт хийсэн. Дараагийн шинэчлэлийн хүрээнд 60 нийтийн тээврийн автобусыг оруулж ирэхээр гэрээ хийсэн байна. Парк шинэчлэлийг дорвитой хийх талаар саналаа холбогдох байгууллагуудад нь хүргүүлсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

“Нийтийн тээвэр төлөвлөгөөт хугацаандаа ирэхгүй удаж байгаа нь авто замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл, дэд бүтэц гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаалдаг. Гэвч нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээрээ чөлөөтэй явах нөхцөл боломж бүрдэх юм бол дээрх асуудал бага ч гэсэн нааштайгаар шийдэгдэнэ. Тиймээс жолооч нартаа хандаж хэлэхэд нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих нөхцлийг хангаж өгөхийг уриалж байна” гэдийг мөн хэлсэн юм.

МУАЖ П.Цэрэндагвад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
МУАЖ П.Цэрэндагвад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.