Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сугар: Техник хэрэгсэл дутмаг ч замын хальтиргааг яаралтай арилгахын тулд арга хэмжээ авсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 24 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсноос нийслэлийн авто замуудад халтиргаа гулгаа үүсч, түгжрэл эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан авто замуудад үүссэн халтиргааг багасгах зорилгоор давс, тусгай бодис цацдаг. Гэвч Хот, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гараараа давс авч зам дээр цацаж буй зураг цахим сүлжээнд тарж олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тэгвэл тухайн үед үүссэн нөхцөл байдал болон нийслэлийн хэмжээнд давс, тусгай бодис цацах техник хангамж, хүртээмж зэргийн талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс цацахдаа ажилчид гараараа цацаж буй зураг цахим сүлжээнд цацагдсан. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Цахим сүлжээнд тараад буй зурагт гарсан нөхцөл байдал нь Чингэлтэй дүүрэгт болсон асуудал юм байна. Гэхдээ зарим тоног төхөөрөмж дутмагаас замын халтиргааг хурдан хугацаанд арилгахын тулд ийм арга хэмжээ авсан гэх мэдээлэл байгаа. Хөдөлмөр хамгааллын дэглэм зөрчигдсөн асуудал байгаа байх. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд ийм байдлаар зохион байгуулалт хийхээс өөр аргагүй байсан гэх тайлбарыг өгсөн.

Өнгөрсөн хоногуудад их хэмжээний цас орсон тул Хот, тохижилт үйлчилгээний газрын ажилтан, алба хаагчид шөнө амрахгүйгээр ажилласан гэх мэдээллийг өгсөн. Техник хэрэгслийн хувьд дутмаг учраас механикаар буюу ажилчдынхаа хүчээр давс бодисыг цацах ажлыг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн.

-Яагаад үүнээс өөр зохион байгуулалт хийх боломжгүй байсан гэж. Ер нь цас цэвэрлэгээ, давс, тусгай бодис цацах үндсэн зориулалтын техник хэрэгсэл хэд байдаг вэ?

-Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газар нь 186.1 километр замын үйлчилгээг хариуцан ажилладаг. Энэ газарт сүүлийн таван жилийн хугацаанд парк шинэчлэл хийгээгүй гэсэн мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар нийтдээ 124 техник хэрэгсэл байгаа. 186.1 километр замаас гадна нийслэлийн дүүргүүд тус тусын хариуцсан хорооллын замуудын цэвэрлэгээ арчилгааг хийдэг. Өвлийн улиралд давс, тусгай бодис цацах 13 зориулалтын машин байдаг. Мөн тоноглосон хоёр машин бий. Нийт 15 машин байгаа гэсэн үг.

Харин цас цэвэрлэгээний нийт 17 шүүрт машин байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд 35 ширхэг шүүртэй цас цэвэрлэгээний машин байж хүртээмжтэй байна гэх тооцоолол байдаг.

-Тэгвэл одоо байгаа техник хэрэгсэл дутмаг гэж ойлгож болох уу. Үүнээс үүдэн ажлын явцад удаашрал үүсдэг юм уу?

-Тухайн зориулалтын машин нь нэг ачихдаа 4 тонн давс ачиж, замуудаар цацдаг. Нэг машин 3 удаа рисс хийж байж 186 км замдаа хүргэдэг. Өөрөөр хэлбэл, давс, бодис цацах явц удааширалтай байдаг гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд зориулалтын 40 машин байж түргэн хугацаанд, нэгэн зэрэг давсаа цацаж ажиллах боломжтой.

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд парк шинэчлэлт хийгээгүй гэж байна. Төсөв, хөрөнгө нь хүрэлцээгүйн улмаас хийж чаддагүй байсан юм уу. Аль эсвэл нийслэл үүнийг асуудал гэж харсангүй юу?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хотын иргэдийн төлсөн татвараар бүрдүүлсэн хөрөнгийг төсөвт эргүүлэн хуваарилахдаа хүн амын төвлөрөл, эдийн засгийн эргэлт, төлсөн татвар, төвлөрүүлсэн төсөвтэй нь уялдуулж тавьдаггүй байсан. Тухайлбал, нийслэлийн иргэдийн төлж байгаа татварыг өөр орон нутаг руу тэгш хуваарилах байдлаар явж ирсэнээс шалтгаалж хөрөнгө оруулалтын асуудлууд өнгөрсөн хугацаанд удааширалтай явж ирсэн гэж хэлж болно. Харин саяхан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль шинээр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор тодорхой төсөвт зардлууд, төвлөрүүлсэн мөнгөний тодорхой хувь нь нийслэлд үлдэхээр хуулиараа зохицуулагдаж байгаа. Тэгэхээр ирэх оноос төсөв мөнгөний асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж, нийслэлд 30 жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг цэгцлэх эдийн засгийн боломж бүрдэж байна гэж харж байгаа.

-Тэгвэл төсөв мөнгөний асуудал нь шийдэгдвэл цаашид парк шинэчлэлтэд ч анхаарч чадахаар болох нь ээ?

-Нийслэлийн төсөв хараахан батлагдаагүй байна. Парк шинэчлэлт хийх саналуудаа хүргүүлсэн байгаа. Төсөв НИТХ-ын батлагддаг. Батлагдсаны дараа ямар шинэчлэл хийх, боломжууд нээгдэж байгаа тодорхойлох боломжтой байдаг.

ШӨХТГ: 10 орчим “Онлайн шоп“-т шалгалт явуулахад хоёрт нь зөрчил илэрч байна
ШӨХТГ: 10 орчим “Онлайн шоп“-т шалгалт явуулахад хоёрт нь зөрчил илэрч байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Mining Week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.