Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлын талаар хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр, "Бид өөрсдөө хууль баталсан бол хуулиа үг үсэгчлэн биелүүлэх ёстой. Өөрсдөө биелүүлээгүй байж бусдыг биелүүлэхийг шаардах боломжгүй. Сүүлийн хоёр хоногт болсон хэлэлцүүлэгээс харахад тэнд хамаатан садантай тийм учраас болохгүй гэж хориглох маягийн юм ярьж байна. Шүүхийн тухай хуулийн 98.3.2-т зааснаар ашиг сонирхлын асуудалтай бол уг асуудалд оролцохгүй гэж зохицуулсан байна. Үүнийг нь бид улс төржүүлээд байж болохгүй. Энд сууж байгаа хамаатан садангүй зарим хүмүүс нь минийх алга гэж бодоод сууж магадгүй. Тэгвэл энэ хүмүүсийн хүүхдүүд хоорондоо сууна гэвэл суулгахгүй гэх юм уу, эсвэл аль нэгийг нь ажлаас нь болиулах уу. Үүнийг хамгийн эрүүлээр тухайн асуудалдаа оролцохгүй гэж зохицуулж өгсөн. Ийм утгатай хууль өөрсдөө баталчихаад эсрэг юм яриад баймааргүй байна" гэлээ.