Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн хоёр өдөр миний бие болон Засгийн газрын, УИХ-ын зарим гишүүн Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтуудад үүссэн нөхцөл байдалтай танилцан чиглэл өгч ажилласан.
Замын-Үүд боомтын хувьд, төмөр замаар ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Гагцхүү урд хөршөөс наашаа орж ирэх бараа материал тээвэрлэх ажил зогсонги байдалтай байна. Харин урдаас тавьсан нөхцөл шаардлагуудыг бид судалж үзэхэд жолооч нарыг аль болох хооронд нь уулзуулахгүйгээр бараа материалыг чингэлгээр хилийн "0" цэг дээрээс татаж авах шинэ горимд шилжихээр хариу явуулсан.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаас бараа материалыг хоёр улсын хилийн 0 цэг дээр чингэлэг бараа тавина. Үүнийг манай талаас мөн тавцанд тээврийн хэрэгслүүдээр хилийн 0 цэг рүү орж чингэлгээр татан авах шинэ горимд шилжинэ.
Эрээн хотод сүүлийн долоо хоног коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-20 хоног ажиглаад шинээр илрэхгүй бол дээрх горимоор бараа материалаа татан авна гэж харилцан тохиролцсон" гэлээ.