УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Албан журмын даатгалын тогтолцоог шинэчлэх нь зөв. Гэхдээ төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Одоо мөрдөж байгаа хуулиар албан журмын даатгагчдын холбоо гээд үндсэндээ 26 тэрбум төгрөгийн сан удирддаг байгууллага байгаа юм. 2013-2020 оны есдүгээр сар хүртэл нийт 456 иргэнээс нөхөн олговор олгох хүсэлт авч, 240 иргэнд 554 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна. Гэтэл хөрөнгө нь 26 тэрбум төгрөг. Арилжааны банкуудад хөрөнгөө байршуулаад хүүгийн орлого олдог байгууллага.
Иргэд нь хохироод байгаа тул энэ сан илүү идэвхтэй байж, нөхөн төлбөрөө гаргаж байх ёстой. Эрүүл мэнд болон нийгмийн даатгал шиг тогтолцоо руу орох вий гэж болгоомжилж байна. Удирдлагууд нь хөрөнгийг нь арилжааны банканд байршуулаад, хүү тохироод, хүүгийн орлогоор ажиллаж байдаг, аль болох зардал гаргахыг хүсдэггүй. Тиймээс хуулийн төслийг бүх талыг сайн сонсож, тэнцвэртэй байдлаар хэлэлцэх нь зөв" гэлээ.