Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт, авч байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Албан журмын даатгалын тухай хуульд сайжруулах зүйл бий. Жолооч нарын хариуцлагатай холбоотой зүйл, заалтуудыг шинэчлэх нь зүйтэй байх. Гэхдээ нэг салбар гайгүй явж байхад төр үүнд оролцож, социализм байгуулах гээд байгаа юм уу. Хэрэв энэ жишгээр явах юм бол банкыг ч бас төр авъя. Төр бүх бизнесийг булааж болохгүй. Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийг дэмжиж байгаа юу. Та бүхэн даатгалын тухай том хуулиа өргөн барихгүй болохоор хувь гишүүд тал талаас нь мөлжсөн хуулиуд өргөн бариад байна.
Албан журмын даатгагчдын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ. "Дураараа биш дүрмээрээ" гэдгийг хувийн хэвшлүүд санхүүжилтийг нь гаргаж замын цагдаатай хамтарч хийсэн байх. Албан журмын даатгагчдын холбоо зам тээврийн ослыг багасгахын тулд юу хийсэн бэ. Ямар бүтэцтэй, ямар байгууллага байгуулахаар зориод байгаа юм бэ" гэж асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энэ хуулийг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Банкийг төр авъя, социализмыг байгуулъя гэсэн санаа байхгүй. Даатгалын компаниудын олон арван төрлийн сайн дурын арилжааны үйл ажиллагаанд хууль санаачлагч нар халдаагүй. Зөвхөн албан журмын даатгалыг ярьж байгаа. Бусад албан журмын даатгалуудыг ашгийн бус байгууллагууд хариуцдаг" гэв.
Санхүүгийн зохицуулах хороо "2021 оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын хураамжийг төвлөрүүлэлт Даатгалын компаниуд, даатгалын зуулчлагчид, даатгалын төлөөлөгчид гэсэн гурван сувгаар орж ирж байгаа. Нийт 28.8 тэрбум төгрөг жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах хэлбэрээр хураамжийн орлого болон орж ирсэн байна.
Бидний зүгээс Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлбэрээр бус нэмэлт өөрчлөлт хэлбэрээр хуулийн төслийг бэлдсэн байгаа. Бусад даатгалийн тухай багц хуулиа Сангийн яаманд хүргүүлсэн" гэв.