УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай төслийг дэмжих эсэх талаар санал хураалтын өмнө гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цаг хугацааны үед үүргээ гүйцэтгээд ач холбогдлоо алдсан тогтоолоор батлагдсан хөтөлбөрүүдийг хүчингүйд тооцно гэж байгааг дэмжиж байна. 1992 оны шинэ Үндсэн хууль баталснаас хойш нэлээд олон хөтөлбөрүүдийг УИХ болон Засгийн газрын тогтоолоор баталж явдаг байсан. Үндсэн хуульт ёс төлөвшүүлнэ гэдэг нь хүний эрхэнд хуулиас гадуур халдаж болохгүй гэдэг зарчим. Хүний үндсэн эрхэнд зөвхөн хуулиар халдах боломжтой. Хуулиар ч халдаж болохгүй дөрвөн эрх бий.
- Амьд явах
- Шашин шүтэх
- Итгэл үнэмшилтэй байх
- Эрүүдэх шүүхээс ангид байх гэсэн дөрвөн эрх бий.
Энэ дөрвөн эрхэнд онц бөгөөд дайны нөхцөл байдалд ч халдаж болохгүй талаар Үндсэн хуульд бичсэн. Аливаа асуудлыг аль болох хуулиар шийддэг зарчимд орж байгааг зөв хандлага гэж бодож байна" гэв.