Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дотоодын хүнсний хэрэгцээг хэрхэн хангах, түүний үнийг хэрхэн тогтвортой байлгах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дэлхийн зах зээл дээр ургамлын тос өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар өссөн. ХХААХҮЯ дараагийн Засгийн газрын хуралдаанаар дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын нөөцөөс чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлоход үүсээд байгаа тээврйин асуудлыг урд хөрштэй хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо. 190 орчим вагон хүнсний бүтээгдэхүүний ачаа урд хил дээр гацаад байна. Эдгээрийг яаралтай зохион байгуулж, үе шаттай оруулж ирэхэд анхаарна. Энэ тал дээр ГХЯ сайн ажилласны үр дүнд ирэх сарын 1-нээс хүнсний зориулалттай 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан мэдээллийг БНХАУ-ын талаас өгсөн.
Нарийн ногооны нийлүүлэлт тасарсан нь Эрээн хотод хил хаагдсантай холбоотой. Тиймээс бид цаад гүнээс шууд Замын-Үүд хүртэл тээвэрлэх боломж байгааг судлахаар БНХАУ-ын талтай Зам, тээврийн хөгжлийн сайд ярилцаж байна. Зориулалтын вагоныг шийдэж чадвал 10 орчим вагоныг Эрээнээс цаад хотуудаас шууд татах шийдлийг яаралтай гаргахаар боллоо" гэв.