Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урд хөрштэй харилцах харилцаанд ямар “АСУУДАЛ” үүсэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 3 секунд

МАН-ын бүлэг өчигдөр хаалттай байдлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Үүнд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого болон хоёр хөрштэй харилцах харилцааны асуудал багтсан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Түүний мэдээллээс анхаарал татаж буй хэсэг нь хөрштэй харилцах харилцааны асуудал юм. Бүр нарийвчилбал, энэ дотор урд хөрштэй харилцах нүүрс тээврийн асуудал юм. Манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой, ойлголцолтой явж ирсэн. Гэвч энэ цаг үед уг харилцаа сүүлийн өдрүүдэд ямар нэгэн байдлаар асуудалд орсон юм биш байгаа гэх зүйл яригдах боллоо. Үүнийг нь ч батлах мэт гишүүд бүлгийн хурал дээр хаалттай горимоор уг асуудлыг хэлэлцэх нь тэр.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал өнөөдрийг хүртэл итгэмжлэх жуух бичгээ Хятадын дарга Ши Жиньпинд өргөн барьж чадаагүй. Хятадын тал ямар нэгэн тоймтой хариу өгөхгүй байсаар бараг жил тойрлоо.

Мөн нүүрс тээвэр энэ оны гуравдугаар сар хүртэл ямар ч асуудалгүй өрнөж байсан. Гэвч гэнэт ковидоор шалтаглаж нүүрс тээврийг хязгаарлаж, улмаар зогсоох хүртэл нөхцөл байдлыг Хятадын тал бидэнд “тулгалаа”. Энэ үйлдлийг цаг хугацааны дарааллаар харахад өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байхдаа намынхаа зуун жилийн ойд зориулсан илтгэлдээ “Гоминданы хятадууд бараг 40 жил Монголын тусгаар тогтнолд дайсагнаж ирсэн” гэх зэргээр Хятадын талын талаар таагүй зүйлсийг хэд хэдэн удаа давтсан байдаг. Яг үүнтэй нь зэрэгцэж нүүрс тээвэрт асуудал гарч, бараг маргаашаас нь зогсонг байдалд шилжсэн юм.

Түүнчлэн үүнтэй зэрэгцээд гуравдугаар сарын 12-нд орж ирэх ёстой байсан төлөвлөгөөт 600 мянган тун вакциныг ямар ч учир шалтгаангүйгээр саатсан. Энэ вакцин бол нэгдүгээр тун биш хоёрдугаар тун байлаа. Хугацааны хувьд хоцорч болохооргүй стратегийн ач холбогдолтой асуудал байв. Ерөнхий сайд тухайн үед нь “Вакцин татан авалтын асуудалд манай улстөрчдийн хариуцлагагүй асуудлууд нөлөөлсөн” гэх битүү хатуу үгийг хэн нэгэнд хандаж хэлсэн байдаг. Харин дараагаар нь С.Одонтуяа гишүүнийг уг асуудалд буруутгасан нь логик авцалдаагүй байсан. Яаж ч бодсон нам, бүлэг нь ямар ч хүчгүй, ганц муу эмэгтэй гишүүн гээд С.Одонтуяаг вакцин татан авалтад саад учруулсан гэхэд итгэмээргүй.

Эргэлзээтэй байдал үүгээр дуусаагүй. Энэ сарын 12-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай онлайн уулзалт хийж худалдаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нүүрс тээвэр болон ачаа барааны тээврийн асуудлыг зохицуулахаар санал нэгдсэн. Гэвч Хятдын тал маргааш нь Эрээнд ковид гарсан гэх шалтгаанаар хилээ бүр мөсөн хаав. Хорь хүрэхгүй ч гэсэн нааш цаашаа гарч байсан тээврийн асуудал нэг мөр зогсов. Нүүрс, нарийн ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасрах дээрээ тулаад байна. Хил нээгдэх хугацаа өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Үүний өмнө Хятадын тал төлбөр тооцоо нь бүрэн хийгдээд вагонд ачаад явуулах гэж байсан шатахуунаа бас л хэл чимээгүй саатуулж орхисон. Үүнээс нь болж ямар хэмжээний асуудал үүссэн талаар энд бичээд илүүц байх.

Болж буй процесс, үйл фактуудыг цаг хугацааны дараалал оруулаад эргээд харвал хоёр орны харилцаанд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой боллоо. Чухам ямар асуудлаар урд хөрш маань бидэнд “гомдов” эсвэл уурлав. Одоохондоо хэл мэдэхгүй юм. Мэдээж У.Хүрэлсүхийн ганц мэдэгдлээс болоогүй л лавтай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сард БНХАУ-д томоохон хэмжээний албан айлчлал хийхээр төлөвлөж байсан ч бас л ямар нэг шалтгаанаар айлчлал болоогүй. Болж өнгөрсөн үйл фактуудаас гадна МАН-ын бүлгийн хурлаар хоёр хөрштэй, тэр дундаа БНХАУ-тай харилцах харилцааны асуудлыг ярьсан гэхээр энд нэг л учир байна.

Г.Лхагвадорж

А.Ариунзаяа: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Засгийн газрын тусгай сангийн дансанд хүлээж авлаа
А.Ариунзаяа: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Засгийн газрын тусгай сангийн дансанд хүлээж авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.