Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

17 настай сийлбэрч Т.Түмэнбаяр: Ирээдүйд би цехтэй болж, олон залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тусална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 39 секунд

Энэ хүүг Тунгалагийн Түмэнбаяр гэдэг. Өдгөө 17 настай ч амьдардаг хашаагаа бүрэн тохижуулж, айл гэрт хэрэгтэй тавилга эд хогшлоо өөрийн гараар урласан аж. Зураг шиг сийлж, уран барьмал шиг урлаж, өөрийн гэсэн урланг бий болгож, өнгө зүсээ тодоос тод зурайлган амьдарч явна. Мебель тавилга, сийлбэрт захиалга, мэдэхгүй чадахгүй зүйл гэж түүнд үгүй билээ. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

-Анх хэзээнээс сийлбэр хийж эхэлсэн бэ?

-Есдүгээр ангиасаа сийлбэр сонирхож эхлээд, нэгдүгээр сургуулийн технологийн багшийн дэргэдээс гараагаа эхэлсэн. Тодруулбал, есдүгээр ангийнхаа хавраас сийлбэр хийж, нэгдүгээр сургуулийн Чулуунхүү багшийн урлан дээр юм хийж, олон зүйл сурсан. 10 дугаар ангиа төгсөөд коллежид орсноос хойш урланд очих нь багассан.

-Хашаа байшингаа тохижуулсан талаараа хуваалцаач?

-Хашаандаа жижиг ажлын байр бий болгохын тулд блокоор 4:6 харьцаатай байшин барьсан. Хэдий бага зулуу ч гэсэн өөрийн гараар эргэн тойрон, ажлын байраа бэлдэнэ гэдэг хэмжээлшгүй их аз жаргалтай байдаг даа.

-Хүссэн зүйлээ хийж гоё мэдрэмж авах сайхан байдаг шүү дээ. Чиний хувьд ямар санагддаг вэ?

-Урамтай байдаг. Өөрийнхөө сонирхсон зүйлээ хийж эхэлсэн болохоор сайхан байдаг. Дууссаныхаа дараагаа хийсэн зүйлээ харахад сэтгэл дүүрээд л явчихдаг юм. Хүмүүсийн хэлсэн үгнээс их урамшдаг.


-17 настай ч өөрийн гараар сайн сайхан зүйлсийг хийж бүтээгээд, хэнээс ч гуйхгүй санхүүгээ болгоод явах сайхан байдаг даа?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Их сайхан байдаг. Одоо ажиллаж байгаа тавилгын үйлдвэр миний өөрийн эзэмшилийнх биш л дээ. Энэ газарт есдүгээр ангиасаа эхлэн ажилласан. 17 настай миний хувьд зүгээр суухгүй авьяас чадвараа хөгжүүлээд түүгээрээ нэг сая илүүтэй орлого олно гэдэг их сайхан. Мөн би өөрийнхөө ирээдүйн төлөө хуримтлал үүсгэж байгаа.

-Таны бүтээлийн гол онцлог, амин сүнс нь юундаа байдаг вэ?

-Миний хийсэн тавилга ч бай, уран сийлбэр, ер нь юу ч байсан миний тархинаас урган гарч, сэтгэл шингэсэн байдгаараа л их онцлогтой. Нэг авдар хийлээ гэхэд, тэр авдар айлын хойморт олон жил оршиж, тухайн айл хэрүүл тэмцэлгүй, эрүүл энх оршин тогтноно гэж бодож хийдэг болохоор энэ зүйл миний гол онцлог байх.

-Анхны цалингаа аваад гэртээ ороход гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсэн бэ, мөн цалингаараа юу хийж байв?

-Анх цалингаараа өөрийнхөө ажилд хэрэг болох багаж, хэрэгслүүдээ авсан. Ээж маань сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Гэхдээ дотроо маш их баярлаж, надаар бахархаж байсан гэж боддог. Нүднээс нь миний хүү том болсон байна даа гэсэн зүйлийг олж харж байсан.

-Одоо тавилга, уран бүтээл, сийлбэр хийхэд тулгарч байгаа ямар асуудал байна?

-Илүү их зүйл хиймээр байгаа боловч цаг зав маань хүрэлцэхгүй үе их байдаг. Өөрийнхөө амьдрах бүрэн сийлбэртэй гэрийг бүтээж байгаа, түүнийгээ ирэх хавар гэхэд бүтэн сийлж дуусгахын тулд ажиллаж байна.


-Ирээдүйн зорилго нь юу вэ?

-Хэн нэгнээс хараат бус өөрийн гэсэн цехтэй болно доо. Олон залуусыг ажлын байраар хангаж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлнэ гэж боддог.

-Сурагчдыг авчирч үйлдвэртээ юм зааж өгдөг талаараа ярьбал?

-Политехник коллежийн оюутнууд хоёр сарын хугацаанд үйлдвэрлэлийн дадлагаа ирж хийдэг. Мөн тодорхой хэмжээний цалин олгодог байсан. Өөр ажиллах сонирхолтой хүмүүс ирж ажилладаг.

-Байнга цаг завгүй явах хэцүү биш үү. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна?

-Гэртээ зүгээр суугаад байх нь уйтгартай шүү дээ. Гол нь надад ажил хийх хэрэгцээ шаардлага байна. Ажил хийхээр цаг хурдан өнгөрөөд, дээрээс нь орлоготой байна. Зарим залуусыг харахад утсаа оролдож ихэнх цагаа өнгөрүүлээд байгаа юм шиг харагддаг. Ажил болон хийх дуртай зүйлээ хийвэл бид илүү хөгжих боломжтой. Ер нь хүн дуртай зүйлээ хийж байгаа болохоор бүхий л үед шинэ санаа орж ирдэг. Яаж хийвэл гоё болох вэ гээд л сэтгэлээ зориулдаг. Ядарлаа ч гэж боддоггүй. Нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн байдаг юм.

-Үеийн залуусаа харахад алдаа оноо юу байна, хандаж хэлэх үг юу байна?

-Өөрийнхөө сонирхдог зүйлийг олоод өөрт ашигтай гэж бодож байвал түүнийгээ хийх хэрэгтэй. Боломжийг алдахгүй байгаарай. Есдүгээр ангид байхад багш маань цагийн ажил хийх санал тавьж байсан. Би тухайн үедээ ойшоогоогүй ч сүүлд нь хийхээр болж байлаа. Дандаа ээжээсээ мөнгө аваад байж болохгүй. Тиймээс ажил хийх хэрэгтэй. Тэр цагаас хойш одоог хүртэл ажиллаж байна. Би эхээс дөрвүүлээ, айлын хамгийн том нь байгаа юм. Тэгэхээр хүний том ах чинь дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх цаашлаад ээждээ эдийн засгийн талд нь тусладаг болсондоо их баяртай байдаг. Манай гэр бүлийнхэн хийж байгаа ажлыг маань дэмждэг. Тиймээс нэг зүйлдээ тууштай шантардаггүй байгаарай л гэж хэлмээр байна. Бас их ч бай, бага ч бай өөрийн гэсэн мөрөөдөлтэй байх их чухал шүү.

Ярилцсанд баярлалаа.

Маргааш Улаанбаатар хотод 2 хэм дулаан
Маргааш Улаанбаатар хотод 2 хэм дулаан
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.